Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт оролцсон тус улсын 18 иргэнд хилээр нэвтрэх хориг тавьсан тухай Францын Гадаад хэргийн яамнаас пүрэв гарагт мэдээлэв.

Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Агнес фон де Мюллийн мэдээлснээр, дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй энэ үед энэхүү арга хэмжээ нь онцгой ач холбогдолтой аж.

Ж.Хашогги нь 10 дугаар сарын 2-нд Туркийн нийслэл Истанбул хотод суугаа Саудын Арабын Консулын газарруу гэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэхээр орсны дараа сураггүй болсон бөгөөд Саудын Арабын эрх баригчдын мэдээлснээр, сэтгүүлч Консулын газарт болсон маргааны улмаас амиа алдсан аж.

Мөрдөн шалгах ажиллагааны эхний хариу гарсаны дараа Саудын Арабын Прокурорын газраас сэтгүүлчийн аллагын хэрэгтэй холбоотой 18 хүнийг баривчилсан тухайгаа зарласан юм. 

Энэ долоо хоногийн даваа гарагт Германы Гадаад хэргийн сайд Хейко Маас дээрх 18 иргэнд мөн адил хилээр нэвтрэх хориг тавьсан тухай мэдээлсэн юм. Ингэснээр тэдгээр иргэн нь Шенгений бүсийн пасспортгүйгээр зорчдог 26 оронд нэвтрэх эрхгүй болсон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua