Францын Нант /Nantes/ хотын түүхийн музейд нээгдэх байсан "Тэнгэрийн хүү: Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн" үзэсгэлэнг 2024 он хүртэл хойшлуулжээ.

 Хятадын ӨМӨЗО-ны Хөх хотын Өвөр Монголын Музей Францын Нант хотын түүхийн музейтэй хамтарч гаргах байсан уг үзэсгэлэнд Хятадын Засгийн газраас Чингис, Монгол, эзэнт гүрэн зэрэг үг, өгүүлбэр ашиглахгүй байхыг анхааруулсан байна.

"Түүхийн хамгийн аугаа байлдан дагуулагчдын нэгд зориулсан үзэсгэлэнг үндэсний цөөнх монголчуудын эсрэг авч байгаа Хятадын засгийн газрын хатуу арга хэмжээ, дарамт шахалтаас болж 2024 оны аравдугаар сар хүртэл хойшлуулахаас аргагүй байдалд орлоо" гэж уг Францын музейн захирал Бертранд Жулиет мэдэгдсэн байна.

Нант хотын түүхийн музей Өвөр Монголын музейтэй хамтран сүүлийн хэдэн жил Чингис хааны түүх болон Монголын эзэнт гүрний тухай хэд хэдэн үзэсгэлэн гаргасан ч энэ зунаас эхлэн хамтарсан төслийн үйл ажиллагаанд нөлөөлөх болсон байна. Эхлээд Чингис хаан, эзэнт гүрэн, монгол зэрэг үгсийг хасах шаардлага тавьж байсан бол сүүлдээ үзэсгэлэнгийн талаарх бүх тест, газрын зураг, каталог, харилцаа холбоо зэргийг бүрэн цензурдах, хянах, өөрчлөх эрх олгохыг шаардах болсон байна.

"Шинэ танилцуулга буюу Бээжингийн соёлын өвийн хорооноос дахин бичиж, бидэнд санал болгосон танилцуулгад Монголын түүх ба соёлыг бүрэн арилгасан байсан. Шинжлэх ухаан болон ёс зүйн үүднээс уг үзэсгэлэнг зогсоох шийдвэр гаргалаа" гэж уг мэдэгдэлд дурдсан байна.