Улаанбаатар хот маань ногоон, оршин суугчид нь байгальд ээлтэй дадалтай, урлагаар амьсгалсан сайхан хот байгаасай гэж бид мөрөөддөг билээ. Энэ мөрөөдөлд хүрэхэд дусал нэмэр оруулах зорилготой Ногоонбаатар эко урлагийн наадам энэ сард эхэлж байна. Наадмын хүрээнд Улаанбаатар хотын гэр хороололд зориулан Монгол, Герман, Чех, Франц уран бүтээлчид хамтран урлагаар дамжуулан байгаль орчны асуудал, ялангуяа агаарын бохирдлын талаархи мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор олон нийтийн болон гудамжны бүтээл туурвина. Мөн сурагчдын дунд, СУИС-ийн дүрслэх урлагийн оюутнуудын дунд агаарын бохирдлын сэдвээр иллюстраци зургийн уралдаан зарлан шалгаруулж олон нийтэд түгээх юм. Төслийн хамтрагчаар Чингэлтэй дүүрэгт байрлах Уулын Нуур парк, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Гэр өргөө сонгогдсон ба урлагийн бүтээлүүдээ эдгээр байршлууд дээр гүйцэтгэх бөгөөд мод тарих ажлыг зохион байгуулна. Түүнчлэн Уулын Нуур парк дээр гэр дулаалгын ажил хийж, ач холбогдлыг нь олон нийтэд таниулах болно. 

Наадам эхэлснээр Герман, Франц, Чех улсын уран бүтээлчид Монголоос сонгогдсон 24 уран бүтээлчтэй гудамжны урлагийн туршлага солилцлоо. 

Гаднын уран бүтээлчид Монголд ирэх ёстой байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас ирэх боломжгүй болж, онлайн хэлбэрээр оролцож байгаа юм. Герман улсаас оролцож буй Кристиан Эшэр нь Ногоонбаатар эко наадмын концепцийг боловсруулахад оролцож, Монголд 2019 онд ирж байжээ. 

Тэрээр биологич мэргэжилтэй бөгөөд олон нийтийн хандлагыг байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөх зорилготой Rehab Republik хэмээх төрийн бус байгууллагыг ажиллуулдаг байна. Олон нийтийн хандлагыг өөрчлөхийн тулд хүргэх гол санаа нь хүнд ойлгогдохуйц, олны анхаарлыг татсан, уриалан дуудах хүчтэй байхыг чухалчлан ярьж монгол уран бүтээлчидтэй туршлагаасаа хуваалцлаа. Далайн эргийн хамгийн түгээмэл хог хаягдал болох тамхины ишийг хаяхыг болиулахын тулд далайн эрэг дээр хайрцаг хэлбэртэй майхан угсран, дотор нь амьд хөгжим тоглуулж, билетийн төлбөрийн оронд тамхины иш хогийн саванд хийлгэж байсан цогц арга хэмжээнийхээ талаар ярьж өгөв.    

Францаас оролцож буй Сэт (жинхэнэ нэр нь Жулиан Малланд) 30-аад жил гудамжны уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд хүүхдийг гол сэдвээ болгон зурдаг ажээ. 

Дэлхийн олон орноор явж өөрийн өвөрмөц хэв маягаар хотын гудамжийг чимдэг энэ уран бүтээлч нутгийн оршин суугчдыг оролцуулж, тухайн газрын тулгамдсан асуудлуудыг орон зайн онцлог, түүх, соёлтой нь уялдуулан бүтээлээ туурвидаг аж. Чех улсаас оролцсон Итка Копейткова нь хог хаягдлыг ашиглан коллаж хийдэг бол Давид Штраусс нь гудамжинд наасан зурагт хуудсуудыг хуулж аван “дахин коллаж хийх” чиглэлээр уран бүтээл хийдэг гэнэ. Тэрээр нийгмийн тархийг угаасан зурагт хуудаснуудыг хуулан авч өөрийн үзэл бодлыг илэрхийлдэг.

Мөн зурагт хуудаснуудыг түүхэн үйл явдлыг илэрхийлдэг гэж үздэг болохоор тэдгээрийг хойч үедээ хадгалж, таниулах зорилготой уран бүтээлээ туурвидаг ажээ. 

Эдгээр уран бүтээлчдийн туршлагаас сэдэл аван, монгол уран бүтээлчид Гэр Өргөө, Уулын Нуур төв дээр бүтээл туурвих бөгөөд агаарын бохирдлын хор уршгийг таниулах, олон нийтийн хандлагыг байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөхийн төлөө ажиллах юм. Тэрээр  ойр орчмын оршин суугчидтай хамтарч, гэр хорооллын байшингийн хана, хашаанд зураг зурах, орон зайн урлаг бүтээхээр төлөвлөжээ. 

Энэхүү наадмыг Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлээс санхүүжүүлж, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Франц хэл, франц хэлтэн орнуудын соёлыг дэмжин ажилладаг Монгол-Францын төв /Улаанбаатар хотын Аллианс Франсез/, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте-Институт, Монголын Урлагийн Зөвлөл болон Соёл Урлагийн Их Сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, 976 Арт Галерейгаас санаачилсан Улаан Булан төслийн баг куратороор нь ажиллаж байна.