Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум 3 дахь удаагаа нийслэл хотод чуулж байна. 

Энэ удаагийн хотын дарга нарын уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Жан Чин, БНСУ-ын Сөүл хотын захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн, ОХУ-ын Улаан-Үд хотын дарга Александр М.Голков, БНАСАУ-ын Солонгос-Ази номхон далайн орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга  Юү Жү Ёон, Япон Улсын Токио хотын төлөөлөл болон НҮБ-ын төлөөлөгчид оролцож байна. 

Энэхүү форумаар “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийг хөндөн хоёр өдөр Улаанбаатар чуулж, салбар хуралдаануудыг хийх юм.

Зүүн хойд Азийн хотууд нь дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзэлдгийн зэрэгцээ  нийт нүүрстөрөгчийн хийн  30 хувийг ялгаруулдаг гэсэн статистик судалгаа  бий. Нөгөө талаар Монгол улсын нийслэл хот хотын агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж 411 пи пи эм-д (ppm) хүрээд байгаа нь байвал зохих түвшнээс давсан үзүүлэлт болоод байна. 2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн. Монгол Улсын Их Хурлаас уг хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг одоогийн түвшнээс 14 хувиар бууруулах зорилт тавьсан юм.

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нээж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх форумын үйл ажиллагаанд амжилт хүсч, мэндчилгээ ирүүлсэн байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон УИХ, НИТХ-ын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцож байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.