Сүхбаатарын талбайг тойруулан хашсан цагаан чулуунуудыг өнгөрсөн баасан гарагийн шөнө буцаан авчээ.

Энэ сарын 15-н буюу ням гарагийн шөнө төв талбайг тойруулан дөрвөлжин цагаан чулуугаар хашилт хийсэн байсан. Маргааш нь буюу даваа гарагт уг чулууны талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба болон Төрийн тусгай хамгаалалтын газраас лавлахад "манай байгууллагад хамааралгүй, бид мэдэхгүй" хэмээн нэг нэг рүүгээ түлхсэн. Харин мягмар гарагт Хотын дарга болон Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга нар дээрх чулууны талаар төв талбайд мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр Хотын дарга С.Амарсайхан "Талбай дээр олон хүн цугладаг, тэдний аюулгүй байдлыг хангах зорилгоор хийснийг чинь ойлгож байна. Гэхдээ өнгө үзэмж нь тохиромжгүй байна. Нийслэлээс төсвийг нь гаргаад өгч байхад арай өөрөөр хийж болоогүй юм уу. Дахиж засварла" хэмээсэн.

Харин Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай "Төв талбайд төрийн ёслол болон бусад арга хэмжээ болдог. Хүн олноор цугладаг. Арга хэмжээний үеэр талбай руу согтуугаар машинтайгаа дайрч орох, жуулчин мөргөх, машин оруулж шатаах зэрэг үйлдлүүд гарсан. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хашилт хийсэн. Чулууны хийцийг Хотын архитектурын газрынхантай хэлэлцэж, тэдний гаргаж өгсөн зургийн дагуу хийсэн. Талбайн шалны дөрвөлжин чулуун хавтан, Төрийн ордны хашааны доод хэсгийн дөрвөлжин зэрэгтэй уялдуулж, ярилцаж байж дизайныг гаргасан. Бөөрөнхий хийхээр машин дайрахад өнхөрчихдөг" гэсэн тайлбар өгсөн юм.

Тэгвэл загвар, үзэмж нь Хотын даргад таалагдаагүй тус чулуунуудыг буцаан авсан байна. Олон нийт ч уг асуудлаар цахимаар байр сууриа илэрхийлж, нэлээд маргаан өрнүүлсэн юм.

Тус чулуу нь монгол чулуу бөгөөд том нь 320 кг, жижиг нь 220 кг жинтэй аж.


Чулуунуудыг буцаан ачсаныг гэрэл зургаар хүргэж байна. 

/2019 оны 12 дугаар сарын 20-ны орой/


2019 оны 12 дугаар сарын 15-ны өглөөний байдлаар: