БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Түнляо хотын сургуулиудад ирэх 9 дүгээр сараас эхлэн монгол хэлээр хичээл орохыг хориглоод байгаа билээ.

Үүнийг эсэргүүцсэн хөдөлгөөн Өвөрмонголын өөртөө засах оронд, цахим ертөнцөд ид өрнөж байна.  Тэгвэл манай улсын зарим иргэд уг хөдөлгөөнд нэгдэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны байрны гадаа жагсаж эсэргүүцлээ илэрхийллээ.

Тэд БНХАУ-ын дарга Ши Жинпинд хандан захидал бичсэн байв. 

Уг захидалд "Бид  БНХАУ-ын ӨМӨЗО-ны монгол үндэстнүүдийн дунд болж буй үйл явдлыг нийгмийн сүлжээнээс уншин сэтгэл түгшиж сууна. Монгол үндэстэн бол өөрийн гэсэн хэл соёл, бичиг үсэгтэй ард түмэн. Иймд монгол бичгээрээ суралцахыг хүсэж буй ард түмэнг буруутгах аргагүй. Бид уг асуудлыг дэвэргэх, бослого тэмцэлд уриалах гэсэнгүй. Хятад улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнийхээ хувьд хүний эрхийн тунхаглал зэрэг олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдсэний хувьд эх хэлээрээ суралцах хүний эрхийг хүндэтгэхийг хүсье" хэмээн бичжээ.