Үндэсний бөхийн ууган галуудын нэг “Увс нуур" галын түүхт 20 жилийн ойд зориулан, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын яамны сайд, "Увс нуур" галын тэргүүн Н.Цэрэнбатын санаачлагаар "Увс нуур" дууны гэрэлт хөшөөг энэ сарын 10-нд Увс нуурын хөвөөнөө босголоо. 

Нээлтийн арга хэмжээнд Увс нуур галын тэргүүн Н.Цэрэнбат, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУ-ын аварга О.Балжинням, МУ-ын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, аймгийн удирдлагууд, “Увс нуур” дууны ая зохиогч МУГЖ Г.Тэрбиш, үг зохиогч Г.Жанчив гуайн дүү Г.Дамдин нар болон Увс аймгийн болон хөрш зэргэлдээх ОХУ-ын Тува улсын төлөөлөгчид, иргэд оролцож, Дэчинравжаалин хийдийн лам хуврагууд ном хурлаа. 

Увс нуур дууг Увс аймгийн сүлд дуу болгох шийдвэрийг 2008 онд аймгийн ИТХ-аас баталж байсан бөгөөд цэнхэр тэнгэрийн орондоо үргэлжид дуулагддаг, төв цэнгэлдэх хүрээлэнд хэдэнтэй цуурайтсан алдартай дууны хөшөө ийнхүү сүндэрлэн бослоо.