Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх өнгөрсөн 5 дугаар сарын 15-нд хүлээн авсан.

Улмаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох эрүүгийн шүүх хуралдаан өчигдрийн 11:00 цагт эхэлсэн.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг хуульд заасан өмгөөлүүлэх эрхээр нь хангах үүднээс өмнө нь шүүх хуралдаан 2 удаа хойшилсон боловч өнөөдрийн шүүх хуралдаанд дахин шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаа нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж шүүх үзсэн.

Шүүгч энэ тухай захирамжийг танилцуулсны дараа шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх шүүгдэгчийг өмгөөлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир шүүгдэгчийг өмгөөлөхөөс татгалзаж байна гэж шүүх хуралдааны танхимыг орхиж гарсан ба шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь өмгөөлөгч Д.Батсүхээс татгалзаж, шүүх хуралдаан даргалагч Х.Идэр шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасан.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын хуралдаан даргалагч шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч танилцаад түүний хүсэлтийг хангахаас татгалзах тухай захирамж гаргасан ба үүний дараа шүүгдэгч Ж.Эрдэнэбат Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүх шүүгч нараас татгалзах тухай хүсэлт гаргаж шүүх хуралдаан дахин завсарласан.

Шүүх хуралдаан даргалагч шүүгч, шүүгдэгч Ж.Эрдэнэбатын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзах тухай хүсэлт нь хуульзүйн үндэслэл байхгүй тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн үүний дараагаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь уг хэрэгт хяналт тавьж, шүүх хуралдаанд оролцож байгаа улсын яллагч нараас татгалзах тухай хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хуралдаан даргалагч шүүгч хянаад, улсын яллагч нарыг өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж, өнөөдрийг хүртэл завсарлалаа.

Шүүх хуралдаан өнөөдөр 9.00 цагт үргэлжилнэ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь УИХ-ын 2020 оны сонгуулиар Сэлэнгэ аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй. Гэвч Цагдан хорих 469 дүгээр ангид хоригдож буй учир өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүний тангарагаа өргөөгүй  байна. Өчигдөр болсон шүүх хуралдааны үеэр Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардсан иргэд шүүхийн байрны гадна жагслаа. Тэд "Ж.Эрдэнэбатыг сулла", "Ж.Эрдэнэбат улс төрийн хэлмэгдэгч", "Хуулиас давсан шүүхийн шийдвэрээ зогсоо", "Сэлэнгэчүүдийн сонголтыг чөлөөл", "Бид хууль үйлчилдэг нийгэмд амьдармаар байна" гэсэн үгтэй лоозонгууд барьжээ.


Гэрэл зургаар хүргэж байна.