Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Түүнийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар нар Төрийн ордны өмнө угтан авлаа. 

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм.  

Мөн тэрбээр Монгол Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны хамтран зохион байгуулж буй бизнес форумд оролцож, шинэ нисэх буудлын үйл ажиллагаатай танилцах юм байна. 

Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера гэргийн хамт айлчилж буй бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар мөн гэргийн хамт угтан авлаа.


Гэрэл зургаар онцолж байна.

Монгол Улс Бүгд Найрамдах Чех Улстай 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.