Орчин цагийн тагнуулын байгууллага үүсч байгуулагдсаны 97 жилийн ой, Тагнуулын ажилтны өдөрт зориулан Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Үндэсний түүхийн музейтэй хамтран үзэсгэлэн гаргалаа. 

Тус архивын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй тамга, тэмдгүүдээр сэдэвчилсэн уг үзэсгэлэн өнөөдөөс эхлэн Монголын Үндэсний музейн Түр үзэсгэлэнгийн танхимд гарч байна.

Энэхүү үзэсгэлэнд Дотоодыг хамгаалах газрын анхны тэмдэг, Өвөрмонголын ардын намын Төв хорооны модон тамга, Бүх Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны тамга, Дэлгэрэх уулын аймгийн Батсүмбэр уулын хошууны захируулагч тамга, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын тамга, Засгийн газрын тусгай төлөөлөгчийн тэмдэг зэрэг 100 гаруй тамга, тэмдгийг дэлгэн толилуулж байна.