Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр 2017 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэн бодитой шинэ бүтээн байгуулалт өрнүүлснийг өндрөөр үнэлэн Улаанбаатар хотод Засгийн газрын батламж гардуулав.

Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, МУ-ын эдийн засаг, нийгэмд 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр яам, аймгуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж, бусдаасаа өндөр үнэлгээ авсан гурван яам, таван аймгийг шагнаж урамшууллаа.

Улаанбаатар хот, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Дорнод аймаг, ХЗДХЯ, ХНХЯ, Сангийн яам Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 2017 онд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлж, шилдгээр шалгарсан юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шагнал хүртсэн та бүхэндээ баяр хүргэе. Засгийн газар 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан шагнал, хариуцлага хоёрыг хамт ярих ёстой гэж үзэн үйл ажиллагааны үр дүнгээрээ хангалтгүй дүн авсан хоёр яам, хоёр аймгийн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгоод байна. Засгийн газар 2017 онд улс орныхоо эдийн засгийн сэргээж, өсөлтийг бий болгох, хугацаат өр төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, банк санхүүгийн тогтлолцоог эрүүлжүүлэх, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн хангамж үзүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг сахиулахад гол анхаарлаа хандуулан ажилласан. 

Манай улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарлаа. 2018, 2019 онууд их бүтээн байгуулалтын жил байх төдийгүй бидний иргэдэд амласан амлалтаа биелүүлэх чухал цаг хугацаа юм. Иймд цаг алдалгүй томоохон бүтээн байгуулалтын ажлаа хийж, айл өрх бүрт үр өгөөжийг нь хүргэх нь бидний гол зорилго. Цаашид хүрсэн амжилтаа улам бататган ажиллахыг хүсье” хэмээлээ.

“НИТХ-ын 2016 оны тогтоолоор батлагдсан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 288 ажлыг тусгаж шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж нийслэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийслэлийн иргэд хотдоо тав тухтай амьдарч, ажил хөдөлмөртэй байх нөхцөлийг бүрдүүлэн, амжиргааны төвшинг дээшлүүлэхэд гол зорилтоо болгож, хотын хөгжлийг шинэ шатанд гаргаж, бүх шатны шийдвэр гаргах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж, хөрөнгө хүчээ төвлөрүүлэн ажилласан. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт амжилттай биелэгдлээ гэдгийг та бүхэнд тайлагнаж хэлэхэд таатай байна. Нийслэлийн төсвийн орлого 19.3 тэрбум төгрөг буюу 102.7 хувиар даван биеллээ. Үүнээс хотын орлого 21.5 тэрбум төгрөгөөр буюу 104 хувиар даван биелсэн.

2017 онд нийслэлд 340 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн. Энэ оныг НЗДТГ-ын зүгээс иргэдийн оролцоотой амьдрах орныг сайжруулах жил болгон зарласан. Амьдрах орчин гэдэгт сургууль, цэцэрлэгээс авахуулаад ногоон байгууламж, дэд бүтэц, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлууд ч багтаж байгаа юм. Мөн 2018 онд Улаанбаатар хот концессын өр төлбөргүй болж чадсан. Эдийн засгийн хувьд эерэг үзүүлэлтүүд гарч, иргэдийнхээ аж амьдралыг тэтгэх, амьдрах орчныг сайжруулахын төлөө хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж гарч байна. 

МУ-ын ЗГ-аас 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэн, нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны ажилтан, албан хаагчид, шударга ёс, хуулиа дээдлэх зарчим баримтлан төрийн албан хаагчийн ёсзүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах болно гэдгийг энд онцолж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ дурьдлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэйхарилцах хэлтсээс мэдээллээ.