Монгол нутагт монгол, түрэг, уйгур, хятан, нанхиад, перс, араб, согд, баракми зэрэг олон хэлээр хаданд бичсэн, тусгай гэрэлт хөшөөнд сийлсэн эртний бичгийн арвин дурсгал өдгөө болтол хадгалагдан иржээ. 

Тус олон хэлээр бичсэн бичээсүүдийг нэмж илрүүлэх, утга агуулгыг нээн тайлах ажлыг Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 1994 оноос хойш хийж байгаа ба 22 жилийн үр дүнгээ танилцуулсан үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Судалгааны багийнхан Хархорин, Эрдэнэзуу, тэдгээрийн ойр орчмоос монгол, перс, араб, нанхиад зэрэг олон хэлээр бичсэн 20 гаруй хөшөө, хөшөөний хэсэг, барилгын нурууны бичгийг илрүүлэн судалсан байна. 

Эдгээр бичээсүүд нь XVII-XIV зууны Монголын засаг захиргааны байгуулалт, соёл, эдийн засгийн харилцаа, өрнө дорнын харилцаанд Хархорин ямар байр суурь эзэлж, лалын сүм, шашны сургууль хэрхэн байгуулагдаж мөн тухайн үеийн Монголд газар түрээслэх, эзэмших харилцаа хэрхэн хөгжиж байсан тухай өгүүлсэн нь зөвхөн Монголд төдийгүй XII-XIV зууны Ази, Европ, Арабын орнуудын түүхийг гүнзгийрүүлэн судлахад шинэ эх хэрэглэгдэхүүн болж чадахуйц эх сурвалж болсныг судлаачид онцоллоо.

Судалгааны явцад Чингис хаан Хархорин хотыг байгуулах тухай 1220 онд гаргасан зарлигийг тэмдэглэсэн хөшөөний хугархайнууд олдсон нь судалгааны нэг томоохон содон зүйл юм.

“Бичээс” төслийн баг Монгол Улсын ихэнх аймаг, нутгаар явж, олон хэлээр бичигдсэн 30 орчим хөшөө, хөшөөний хэсгүүд, хадны бичээсүүдийг илрүүлсний үр дүнд өдгөө 6 ном, судалгааны ажлууд нийтлүүлээд байгаа аж.

Мөн төслийн хүрээнд дэлхийн хамгийн эртний байж болох хаданд сийлсэн бичээсийг Дундговь аймгийн Хүрэн хайрхан уулаас олж судалсан байна. Тус хаданд цавчиж сийлсэн нанхиад бичээсийг манай тооллын 89 онд буюу 1929 жилийн өмнө бичсэнээрээ одоогоор хамгийн эртний хадны бичигт тооцогдож байгааг судалгааныхан дурдав.