Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар хүүхдүүдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох "Үзүүлэн сургалт"-ыг өнөөдөр зохион байгууллаа.

Хоёр дахь өдрөө үргэлжилсэн тус сургалт улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн өмнөх зам дээр болсон бөгөөд сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон-Монголын хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч, Асашёорюү Д.Дагвадорж, СТА жүжигчин Э.Цолмонбаяр нар хамтран хөтлөн явууллаа. 

Замын хөдөлгөөнд оролцогч дундаас хамгийн эмзэг нь “Хүүхэд” бөгөөд тэдэнд зам тээврийн осол, гэмтлийн хор уршиг, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлж, ярихаас илүүтэй үүнийгээ бодитоор, танин мэдэх, үйлдлээр харуулах нь хамгийн үр дүнтэй арга гэж үзжээ.  

Тус сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран зохион байгуулсан бөгөөд эцэг эх, хүүхэд багачуудад зам тээврийн осол, хэрэг гарах шалтгаан нөхцөл, зам тээврийн ослын хор уршиг, түүнээс үүдэн гарах хор хохирол, гэмтэл бэртлийн талаар болон үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөн аюулгүй, зөв оролцох талаар бодитоор үзүүлж, анхааруулах зорилготой юм.