Гадаадын иргэнээс шинэ коронавирус илэрч, манай улсад тус вирусийн анхны тохиолдол бүртгэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс нийслэл, аймгуудаас гарах, орох чиглэлүүдийг энэ сарын 16-ныг хүртэл хаасан.

Мөн халдвартай иргэнтэй ойрын хавьталтай хүмүүсийг олж тусгаарласан, дам хавьталтай хүмүүсийг олж тогтоох ажлыг хийж байна. Тухайн иргэний Улаанбаатарт үйлчлүүлсэн газруудыг битүүмжилж, ариутгаад буй.

Шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор мах, гурил, будааны хомсдол үүсэж магадгүй иргэдийн сэрэмжийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үгүйсгэж, аль алиных нь нөөц хангалттай хэмжээтэй байгаа хэмээн мэдэгдсэн.

Мөн шатахуун түгээх станцууд үйл ажиллагаагаа хязгаарлана гэсэн албан бус мэдээлэл цахимд цацагдсанаас шатахуун түгээх станцууд оочер, ачаалал ихтэй байна.

Шатахууны үнийн талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Импортоор орж ирж буй шатахууны бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа. Үнэ нэмэх талаар худлаа мэдээлж, иргэдийг бухимдуулж байгаа хүмүүсийн мэдээллийг ЦЕГ, ТЕГ-т өгч, хариуцлага тооцно. Шатахууны нөөц байгаа, дэлхийн зах зээлд үнэ буурах хандлагатай байгаа учир иргэд бухимдах шаардлагагүй. Иргэд буруу мэдээлэлд бүү автаарай" гэдгийг онцлов.

Петровис ХХК "Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хязгаарлах тухай шийдвэр гарааагүй" хэмээлээ.

Магнай Трейд ХХК "Онц байдал зарласан энэ цаг үед манай компанийн нийт ШТС-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж, үйлчилгээгээ тасалдалгүй хүргэж байна" гэв.

ШТС-уудад ачаалал их буйг гэрэл зургаар хүргэж байна.