Манай улсад коронавирусийн халдварын тохиолдол  гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн цагаас хойш төрийн ордонд хязгаарлалт тогтоогоод байгаа билээ.

Хөл хорио хэсэгчлэн суларсан ч сэтгүүлчдэд уг заалт үйлчилж, зөвхөн зөвшөөрөгдсөн цэгээс хэвлэн нийтлэх, мэдээлэх үүргээ биелүүлж буй. Энэхүү шалтгааны улмаас сэтгүүлчид УИХ, Засгийн газрын гишүүдээс шаардлагатай тодруулга авах боломжгүй нөхцөлд ажиллаж байгаа юм.

Хэвлэн нийтлэх эрх чөлөө, олон нийтийн мэдэх эрх чөлөөнд халдаж буй энэхүү үйлдлийг 50 гаруй сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлж гарын үсэг зурж дуу хураагуур, микрофоноо газар тавьсан юм.

Мөн уг шаардлагаа Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзоригт өглөө.

Тэрбээр уг асуудлыг судлан эргэн мэдэгдэнэ гэсэн юм. 

Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Хэвлэлийнхэн бид нөхцөл байдлыг ойлгож, хүндэтгэж хагас жил гаруй энэ шаардлагыг мөрдөж эхэлсэн. Гэтэл сүүлдээ дуртай хүнийг нь л яриулдаг, ямар ч олон талын эх сурвалж, өнцөг байхгүй, сэтгүүлзүйн чөлөөтэй ажиллах нөхцөл байхгүй байна. Төрийн ордонд хэвлэлийн эрх чөлөө хаагдмал, хашигдмал байна. Хэн нэг гишүүнээс ярилцлага авахын тулд эхлээд тэр хүнээс зөвшөөрөл аваад хамгаалагчаар дагалдуулан явж байна.