Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээ”-г өнөөдөр Худалдагч талын толгой компани болох “Эрдэнэс Монгол” компани, Худалдагч тал болох “Эрдэнэс Силвер Ресурс” компани, нөгөө талаас буюу Худалдан авагч тал болох Монголбанкны хооронд байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар оролцож, Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т. Мөнхбаяр нар Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Өнөөдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 5 жилийн хугацаанд хамтран ажиллахаар талууд гэрээг ёслон баталгаажуулав.

Уг гэрээгээр 850-980 хувиас доошгүй сорьцтой алт, мөнгө болох үнэт металлын агууламж бүхий гулдмайг “Эрдэнэс Силвер Ресурс” компаниас Монголбанкинд нийлүүлэх, улмаар гэрээнд тусгасны  дагуу төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад орших юм.

Гэрээн гарын үсэг зурах ёслолын үеэр Төрийн мэдэлд авсан Салхитын мөнгөний ордын баялгийн дээж болох 50 кг цагаан мөнгийг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өгөв.

Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр “Компанийн бизнес төлөвлөгөөнд тусгагдсны дагуу таван жилийн хугацаанд 750 тонн мөнгө олборлож, цэвэршүүлж Монголбанкинд тушаах зорилготой ажиллаж байна. Эхний жилд 25-30 тонн мөнгө цэвэршүүлэхээр төлөвлөсөн. Богино хугацаанд технологийн болон үйлдвэрлэлийн туршилтад орж, 500 кг мөнгийг цэвэршүүлэн авсан. Өнөөдөр ийнхүү дээжээ Монголбанкны Эрдэнэсийн санд тушааж байна. Үйлдвэр ирэх оны зургадугаар сараас бүрэн хүчин чадлаараа ажиллана” гэв.

Үйл явдлаас гэрэл зургаар хүргэж байна.



Эх сурвалж: Монголбанк