Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан жагсаал өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны байрны гадна боллоо.

Жагсаалд оролцогчид "Хуулийн хулгайч Ч.Нямдорж хүүгийнхээ хулгайг нуусан уу?, "С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлахын өмнө гүйцэтгэгчийг "Хуулийн хулгайч Ц.Нямдорж огцор", "Хуулийн байгууллагуудыг бүхэлд нь үгүйсгэж УИХ-ыг шүүх болгов, Энэ бол аюул", "Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаагийн хариуцлагыг хэнээс нэхэх вэ. 2016 оноос хойш 1037 албан хаагчийг Ц.Нямдорж та ажлаас нь үндэслэлгүй халсан нь тогтоогдож...", "Монголын ард түмэн Ц.Нямдоржид ямар өртэй вэ. Ц.Нямдоржийн хүүхэд улсын зардлаар сурсан", "Хятадын тагнуул Ц.Нямдорж Монголын төрөөс зайл", "Хөөн хэлэлцэх хугацаагаар хамсаатнуудаа хэргээс мулталдаг Хуулийн сайд огцор," "Ард түмэнд халтай зөрчлийн тухай хуулиа өөрчил" зэрэг үгтэй лоозонгууд барьжээ.

Энэ үеэр жагсаалд оролцогч нэгэн эмэгтэй зурагт барин иржээ. Тэрээр энэ талаараа "Сайд Ц.Нямдорж Алтжин компанийн байранд амьдардаг. Зурагтгүй гэж ярьж байсан. Тиймээс би зурагтаа өгч үзүүлье гэж бодоод аваад ирлээ. Сая яам руу оруулж өгөх гэтэл наадахыг чинь Ц.Нямдорж сайд тоож үзэхгүй. Хог дээр аваачиж хая гэж байна. Ингэхээр Ц.Нямдорж зурагтгүй гэдэг нь худлаа л байгаа биздээ" хэмээлээ.

Жагсаалыг гэрэл зураг, дүрс бичлэгээр хүргэж байна.