Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр (2019.05.27) Төрийн ордонд эхэллээ.


Чуулганыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал хэмээх баримт бичгийг Монгол Улсын Их Хурал 2016 онд баталсан. Энэ нь олон улсын түвшинд баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд тус дөхөм болох арга хэрэгсэл хэмээн үзсэн. Цаашид Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тус дөхөм болгох зорилгоор Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулсан. Дэд хорооны зүгээс ОУПХ-ноос гаргасан арга зүй, гарын авлага, баримт бичгийг өөрийн оронд хэрэгжүүлэх тал дээр хүчин чармайлт тавьж ажиллаж байна. 

Өнөөдрийн чуулган, салбар хуралдаануудаар Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаарх илтгэлүүдийг хэлэлцэнэ. Боловсролын сэдвээр энэ удаа тусгай хуралдаан зохион байгуулж байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгуудын нэг чухал зорилго болох "Чанартай боловсролыг бүх нийтэд хүргэх" зорилготой шууд хамааралтай. Түүнчлэн Ядуурлыг устгах зорилготой боловсролын салбарын үйл ажиллагаанууд шууд уялдаа холбоотой байдаг. Бид бүгд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх талаар тус тусын гэсэн онцлог туршлагуудыг бий болгоод байгаа. Ялангуяа, хууль тогтоох байгууллага буюу парламентууд оновчтой эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр ахиц дэвшил гаргана гэдэгт итгэлтэй байна” гээд аливаа шийдвэр гаргахдаа, илүү үр дүнд хүрэхдээ байгаа нөөцөө зөв ашиглах талаар анхаарч ажиллахын чухлыг онцолсон юм.

ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганаас дүрс бичлэгээр хүргэж байна.