Коронавируст цар тахалд хамгийн ихээр өртсөн орнуудын нэг нь АНУ. Тус улс халдвар авсан хүн болон нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлж буй. Өнөөдрийн байдлаар нийт 29 сая гаруй хүн өвчилж, 527 мянган хүн нас барсан байна.

Сайн мэдээ нь тус улсад үйлдвэрлэсэн хоёр ч вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрч, баталсан учир АНУ бусад улс орныг бодвол иргэдээ коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамгийн идэвхитэй хамруулж буй юм. Улмаар хөл хориог сулруулж, бизнесүүдийн үйл ажиллагааг идэвхтэй нээж байна. 

Гэхдээ мэдээж халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, хүн хоорондын зайг барьж буй юм. Уг дэглэмийг АНУ-ын Нью-Йорк хот дахь нэгэн ресторан маш сонирхолтойгоор мөрдөж байна. 

Тодруулбал, Дэлхийн хамгийн амттай стейкээр алдаршсан “Peter Luger” зоогийн газар нийт хүчин чадлынхаа дөнгөж 35 хувьд л үйлчлүүлэгчтэй байгаа аж. Иймд заал дүүрэн сул ширээ байх нь онцгүй тул "Ододтой оройн зоог" хэмээх онцгой санааг хэрэгжүүлжээ.

Энэ нь Мадем Тюссогийн музейгээс зээлсэн оддын баримлуудыг эзэнгүй ширээнүүдэд суулгажээ. (Мадем Тюссогийн музей нь жинхэнэ эзэнтэйгээ усны дусал мэт адилхан болдог лааны тосон баримлаараа дэлхийд гайхагддаг). 

Иймд тус ресторанаар үйлчлүүлэгчид Жон Хэмм, Одри Хепберн, Жимми Фэллон, Аль Рокер болон бусад оддыг олж харах төдийгүй тэдэнтэй нэг ширээнд хооллох боломжтой юм. 

Зургаар хүргэж байна.

Сэтгүүлч, жүжигчин Аль Рокер 

Жүжигчин, загвар өмсөгч Одри Хепберн

Тамирчин Майкл Страхан 

Хөтлөгч Жимми Фэллон

Жүжигчин Жон Хэмм

Цар тахал эдийн засагт хүнд цохилт болсон ч энэ мэт овжин санаа бизнесүүдийн үйл ажиллагаагаа сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Манай улсын хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буурч тодорхой 5 төрлийн үйл ажиллагаанаас бусад бүх л газар ажиллаж эхлээд буй. Эдийн засгийн хүндхэн нөхцөлтэй нүүр тулж буй ч бизнес эрхлэгчид маань үүнтэй адил сонирхолтой мэргэн санаа ашиглавал хүмүүсийг ихэд татаж, эдийн засгийн эргэлтээ түргэн сайжруулах боломж бийг үгүйсгэх аргагүй юм.