Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд боллоо. 

Нийслэлчүүдийн шинэ жилийн баярын цэнгүүнд Хүүхэлдэйн театр, УДБЭТ-ын уран бүтээлчид, “Драм 3” хамтлаг, Нюанс хамтлаг, Увертюра зэрэг олон хамтлаг дуучид оролцож нийслэлчүүддээ шинэ оны бэлэг барилаа. Мөн арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нар оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Улаанбаатарын мөнгөн үдэш” баяр цэнгүүний үеэр нийслэлчүүддээ хандаж хэлсэн үгэндээ “Жил бүрийн энэ үдэш их жанжныхаа нэрэмжит төв талбайд цуглаж хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг уламжлалтай. Өнгөрч буй 2018 онд нийслэлчүүд бид хамтаараа их бүтээн байгуулалтыг өрнүүлж, үр дүнг нь бодитоор хүртэж, мэдэрч байгаа билээ. Олон түвшний огтлолцол бүхий Яармагийн Яармагийн гүүрийн бүтээн байгууллалт, залуусын бизнес сэтгэлгээг хөгжүүлж, шинжлэх ухаанч арга барилд сургах “Инновацийн төв”-ийг анх удаа байгуулсан төдийгүй улс, нийслэлийн 6 эмнэлгийн гадна талбайг тохижуулж, цэцэрлэг сургуулийн 100 гаруй обьектын бүтээн байгуулалтыг эхлүүлж чадлаа. Мөн иргэд, аж ахуй нэгжийнхээ дэмжлэгтэйгээр “Зам чөлөөл” ,“Явганы хүн зам” аянуудыг өрнүүлсэнээр 240 гаруй га газрыг хот мэдэлдээ эргүүлэн авч, иргэд та бүхэндээ тохилог, тав тухтай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллалаа. 

Төрийн  захиргааны байгууллагын 47  үйлчилгээг цахим болгож,  иргэддээ нээлттэй, түргэн шуурхай болголоо. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын зэрэгцээ Нийслэлийнхээ иргэд та бүхнийхээ чөлөөт цагаа өнгөрүүлэх, ажиллах, амрах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө бид чармайн ажиллах болно. 2019 онд ч Нийслэлийн удирдлагын баг “Иргэдийн оролцоо”-г илүүтэй чухалчилан та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, зорилт, хөтөлбөрөө хэрэгжүүлэх болно. Та бүхэндээ угтан ирж буй шинэ ондоо эрүүл энх, энх тунх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэж хэллээ.

Цэнгүүний аюулгүй ажиллагааг хангаж нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар зэрэг олон байгууллага ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. 

Он солигдох мөчид төв талбайд ёслолын буудлага буудаж нийслэлчүүд шинэ оныг угтан авлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.