“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил дуусч, тус төслийн хүрээнд баригдсан авто зам, гүүрийн байгууламжийн замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. 

Уг гүүрэн байгууламжийн шинэ гүүр нь 4 эгнээ бүхий 250 урт метр, 20.5 метр өргөн, Д рамп шинэ гүүр нь 276 урт метр, 8.5 метр өргөн бол хуучин гүүр нь 250 метр урт, 9 метр өргөн, 57 метр урттай тунелтэй юм.

Олон улсын түвшинд нийцэхүйц огтлолцол бүхий тус гүүрэн байгууламж нь шинээр баригдах Яармагийн дэд төв, хотын захиргаа болон орон сууцны хорооллын бүтээн байгуулалтыг дэмжих, шинээр ашиглалтад орох Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг хотын төвтэй холбох авто замын хөдөлгөөний зохион байгуулалтын оновчтой шийдэлтэй. Мөн авто замын хөдөлгөөний аюулгүй байдал болон нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр хөдөлгөөний ачаалал 2-3 дахин буурах чухал ач холбогдолтой гэдгийг холбогдох албанынхан нээлтийн үеэр хэллээ.


Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх авто зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээг сайжруулах зорилгоор энэхүү гүүрэн байгууламжийг барьж дуусгалаа. Яармагийн гүүрний нээлтийн ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгчид, БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцлоо.