"Лантуун дохио" төрийн бус байгууллагаас санаачилан өнөөдөр Хүүхдийн хүчирхийллийн эсрэг багтай, чимээгүй жагсаал зохион байгуулж байна.

Тэд 13 настай, таван настай, ой зургаан сартай, дөрвөн настай охид хүчирхийлэлд өртсөн аймшигт хэргийн эсрэг тэмцэж, уг жагсаалыг зохион байгуулж буй юм. Жагсагчид хүчирхийллийн эсрэг өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн үг бүхий лоозонг барин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гадна жагсаж, амиа алдсан 13 настай охиныг гэр бүлээс нь зөвшөөрөл авалгүй задлан шинжилгээ хийсэнд хариу өгөхийг шаардлаа. 

Үүний дараагаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гаднаас 13 настай охин амиа алдсан газар болох Дарь эх дэхь "Очир төв" хүртэл бөмбөр цохин цохин, чимээгүйгээр эсэргүүцлээ илэрхийлэн алхсан юм.

Энэ үеэр "Лантуун дохио" төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан "Бяцхан охид хүчирхийлэлд өртөж буй үйлдлүүдийг бид зүгээр хараад сууж чадахгүй. Цаашид хүчирхийллийн эсрэг тэмцэж, эсэргүүцлээ илэрхийлсэн жагсаал болон бусад үйл ажиллагааг олон удаа зохион байгуулах болно" гэдгээ мэдэгдэв.