Оны шилдэг залуу судлаачдад БСШУС-ын  сайдын нэрэмжит "Грант" гардуулах арга хэмжээ өнөөдөр  боллоо. Арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ, “Монголын залуу эрдэмтдийн холбоо”-ны ерөнхийлөгч Д.Баттогтох болон холбогдох албаныхан оролцов. 

Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Хүнээ анхаарсан улс орон ямагт хөгждөгийг цохон тэмдэглээд монголын ирээдүй болсон залуусыг тэр тусмаа залуу эрдэмтэн, судлаачдыг бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

Мөн тэрээр “Шинжлэх ухаан, технологи, инноваци бол Монгол Улсын ирээдүйг тодорхойлох салбар юм. Тиймээс ч энэ салбарт онцгой анхаарал хандуулж,  төрийн бодлогын залгамж халааг хадгалж, залуу эрдэмтэн, судлаачдыг сурч, боловсрох бүхий л нөхцөл, бололцоогоор хангаж ажиллана. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч, бодлогоор дэмжинэ” гэв. 

"Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр нийт 79 илтгэлийг салбар тус бүрээр нь хэлэлцүүлсэнээс шилдгээр шалгарсан 12 бүтээлд БСШУС-ын сайдын нэрэмжит "Грант"-ыг гардуулж буй юм. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд нийт 400 орчим эрдэмтэн судлаач оролцох хүсэлтээ ирүүлснээс эхний шатанд тэнцсэн 230 бүтээлийг зургаан товхимол номд хэвлүүлжээ.