Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардсан цуглаан өчигдөр /9.12/ найм дахь өдрөө Д.Сүхбаатарын талбайд үргэлжиллээ. Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос багш нарын ажил хаялтад 138 сургууль, цэцэрлэг нэгдсэн хэмээн мэдээллээ. 

Багш нарын цуглааныг нээж МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг, "Засгийн газар бидний тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй байна. Ажил хаялтад хүргэлгүй арга хэмжээ авах байх гэдэгт итгэж байсан ч бидний тэмцлийн үйл ажиллагааг сулруулах, саармагжуулах арга хэмжээ авч байгаа нь харамсалтай байна. Сурагчдаа бодож асуудалд олон жил хүлээцтэй хандаж ирсэн. Одоо ийм боломж байхгүй гэдгийг төр засагт удаа дараа хэлж байгаа. Үр дүнд хүртэл тууштай тэмцэнэ" гэв.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, "Багш нарын тэмцэл 7 хоногийн өмнөөс эхлээгүй. Дөрвөн жилийн өмнөөс эхэлсэн гэдгийг зориуд хэлье. Багш нарын ажил хаялтыг улстөржүүлэн МҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан мэтээр нийгэмд ташаа мэдээлэл тарааж байна. МҮЭХ, МБШУҮЭ-ийн холбоо, АН-ын улстөрчид турхирч байна гэх мэтээр багш нарын тэмцлийг буруугаар ойлгуулахаар зохион байгуулалттай тархи угаалт хийж эхэллээ. МҮЭХ цалингаа нэмүүлэхээр тэмцэж буй багш нарыг тэмцлийг дэмжиж байна. Энэ тэмцэл үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Бүгдээрээ тэмцэж байж цалингаа нэмүүлэхийн төлөө шантралгүй тэмцээрэй" гэлээ.

Баянзүрх дүүргийн 44 сургуулийн багш С.Сарантуул, "Цалингаа нэмүүлэх гэсэн багш нарын тэмцэл нэг жил, нэг сар, 8 өдрийн ажил хаялтаар үргэлжилж байна. Төр засгаас багш нарын цалинг нэмнэ гэж итгэн хэчнээн жил ажиллав, багш нар ядуурлын эгнээнд шилжлээ, тэвчээрийн хязгаар тасарлаа. Багш, ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах ёстой БСШУСЯ бидний эсрэг нэвтрүүлэг бэлдэж байгаа нь туйлын харамсалтай. Багш бид хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг зогсоно. Бид бие биенээ дэмжин тэмцэх ёстой" хэмээж байлаа.

Эцэг эхийн төлөөлөл Б.Баяр, "Эцэг эхчүүд та бүхний тэмцлийг эсэргүүцэж байгаа мэт сөрөг мэдээлэл явж байгаа учраас өөрийн хүсэлтээр ирсэн юм. Хүүхдийн хамгийн дотны нөхөр бол эцэг эхчүүд. 9 сарын 1 боллоо гээд багш нарт даатгаад орхиж болохгүй. Багш нар ажил хаяснаас миний хүүхэд компьютер тоглоомд донтлоо гэж байгаа нь эндүүрэл.

Сайд дарга нар том том өрөөнд сууж байна. Гэтэл багш нар тэдний өрөө шиг тасалгаанд 50, 60 хүүхдэд хичээл зааж байна. Багш хоёр хүний ажил хийчихээд 1 хүний цалин авч байгаа. Цалин нэмэх боломжтой. Оффшорынхоо мөнгийг оруулж ирээч. Араас нь явсан хүмүүс хаачсан юм. Би сошиалын араас та бүхнийг хараад сууж тэвчсэнгүй. Та бүгдийн тэмцэлд амжилт хүсье".

Энэ үеэр НХХ-ийн сайдын хэлэлцээрт суух тухай албан бичиг, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгийн захидал ирж, цуглаанд оролцогчдод сонордуулав. Жагсаал цуглаанд оролцогчдоос Монгол улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, БСШУС-ын сайд, НХХ-ийн сайд, Сангийн сайд нарт шаардлага өгснөөр энэхүү арга хэмжээ өндөрлөлөө.