НИТХ-ын нэгдсэн хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Өнгөрсөн даваа гарагт НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт”, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалтын тухай” гэсэн гурван асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАН-ын бүлгээс завсарлага авч хуралдааныг хойшлуулсан.

Тодруулбал, НИТХ дахь АН-ын бүлэг дээрх хэлэлцэх асуудлуудаас “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалтын тухай” буюу гуравдугаар асуудлыг хамгийн эхэнд хэлэлцүүлэх горимын санал гаргасан. Тус саналыг хуралдаанд оролцогчдын олонхи нь дэмжиж, хэлэлцэх асуудалд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ дахь МАН-ын бүлгээс  завсарлага авсан юм.

Өнөөдрийн хуралдаанаар дээрх гурван асуудлыг хэлэлцэнэ.