Өнөөдөр МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэн эх орондоо ирлээ.

Онгоцноос бууж байхдаа иргэд болон хүүхдүүд гараа даллан, мэхийн ёсолж, агаарт үнсэлт илгээн талархлаа илэрхийлж байлаа. Мөн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын  тавьсан шаардлагыг биелүүлж, хүлээцтэй соёлтой, хүндэтгэлтэй хандаж байв.

Эдгээр иргэдийг хорио цээрийн дэглэмийн дагуу 14 хоног тусгаарлан ажиглана. Зорчигчдод анхны үзлэг, шинжилгээ буюу халуун үзэх, асуумж бөглүүлэх ажлыг нислэгийн явцад МХЕГ-аас томилогдсон хилийн хяналт шалгалтын байцаагч нар хийж гүйцэтгэсэн байна.

Нэн тэргүүнд мэс засалд орсон, хүнд өвчтэй зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай 50 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, 184 хүнийг Энх Саран сувиллын газарт, тус улсын Бусан, Тэгү хотоос ирсэн 10 иргэнийг ХӨСҮТ-д тус тус хүргэж тусгаарлаж, ажиглалтад авлаа.