Фэйсбүүк компанийн төлөөллүүд өнгөрсөн долоо хоногт манай улсад ирж ажиллах үеэрээ "Монголчууд фэйсбүүк хэрэглээгээрээ Азид нэгдүгээрт орж байна" гэдгийг хэлсэн.

Дэлхий нийтээр мэдээлэл, технологийн эрин үе үргэлжилж, цахим орчинд мэдээлэл асар хурдтай тархаж, цацагдаж буйг бүгд мэднэ. Гэвч өөрт хэрэгтэй мэдээллээ олж авахын тулд фэйсбүүк ухаж, сайн муу, үнэн худал мэдээллээ ялгаж цензуртэй ханддаг хүн нь цөөн. Миний мэдэж буйгаар ялангуяа манай Монголд. Энэ бол аюулын ХАРАНГА.

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ гэж асуухад утас, компьютерээ ухаж байтал нэг мэдэхэд өдөр өнгөрчихсөн байдаг гэж хариулж буй хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Энэ нь хүмүүс бие биеийнхээ нүд рүү хараад, чин сэтгэлээсээ нэг нэгнээ мэдэрч, тулгамдаж буй асуудлаа ярилцах нөхцлийг үгүй хийж буйг судалгаагаар тогтоосон. Мэдээж фэйсбүүк хэрэглээнд маш олон давуу тал бий. Харилцахыг хүссэн хүнтэйгээ холбогдох, хол байгаа хүмүүс ойр байгаа мэт дүрсээ харан ярилцах, бизнесийн сурталчилгаа, хийж хэрэгжүүлж буй ажлаа маш хурднаар бусдад мэдээллэх гэх мэт.

Гэвч аливаа зүйлийн тун нь хэтэрвэл хор болдог гэсэн бичигдээгүй хууль, бодит дүн байдаг. Бид фэйсбүүк хэрэглээнийхээ тунг аль хэдийнээ хэтрүүлчихсэн. Үүнийгээ ойлгосон ч буцаж гарч чадахгүй байгаа тийм л сул дорой нэгэн болоод буй юм. Дэлхий нийтээр фэйсбүүк хэрэглэж, түүний сөрөг нөлөөлөлтэй тэмцэж байгаа ч, манай улс тус далайд асар хурдац, маш олноороо живж байна.

Алтнаас ч үнэтэй гэгддэг цаг хугацаа, сэтгэл хөдлөл, гэр бүлийн халуун дотно уур амьсгал, эрүүл мэнд, оюун ухаан зэргээ золиослон байж фэйсбүүкт донтсон бидний өнөөгийн үнэн дүр болон ирээдүйг харуулсан зургуудыг уншигч танд хүргэж байна.

Өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ амьд харилцаагаа алдахаас хамгаалаарай.



Эх сурвалж: Nerdiest