Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр өчигдөр Ховд аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрээ танилцуулж иргэдийн санал, хүсэлт, асуултад хариуллаа. 

Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ "Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс гурван том зорилт тавин ажиллаж байна. 

1. Нефьтийн үйлдвэрийг барьж байгуулах

Энэ зорилт бодит ажил болж, дэд бүтэцийн ажлын явц хугацаанаас өмнө бүтээн байгуулагдаж байна. 2023 он гэхэд үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор дотооддоо нэг тэрбум ам.доллар шингэж төгрөгийн ханш чангарч, иргэдийн орлого нэмэгдэнэ. Суурь үнэд нөлөөлөх сөрөг зүйлс арилна. Энэ ажлыг ямар нэгэн саад бэрхшээлүүдийг үл ажран явуулахыг зорьж байна. 

2. Эрчим хүчээ дотоодоос хангадаг болох.

Өнөөдөр баруун аймгууд үйлдвэр, үйлчилгээ нэмэх боломжгүй байгаа нь эрчим хүчний хомсдол юм. Мөн Өмнийн говийн бүтээн байгуулалтууд эрчим хүчээ импортоор авдаг. Эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо хангах ажлууд шат дараатай явж байна. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Усан цахилгаан станц барих ТЭЗҮ хийгдэж байна. Энэ оны 3 дугаар улиралд техник эдийн засгийн үндэслэлээ эцэслэнэ. Санхүүжилт нааштай шийдэгдэж буй. Баруун аймгууд эрчим хүчээр хангагдаж импортын эрчим хүч зогсож, хэрэглээний тариф 4 дахин буурна. 

3. Хүнсний хэрэгцээгээ дотоодын хэрэглээгээ хангадаг болох

Энэ ажил ахицтай явж байна. Үр тариа, төмсөө 100 хувь хангах зорилт тавиад ажиллаж байна. Эдийн засгийн өсөлтөөс айл өрхийн үүдээр оруулах ажлуудыг шат дараатай төсвийн бодлогодоо тусгаад явж байгаа. Таван жил нэмэгдээгүй байсан цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнгөрсөн болон энэ онд нэмсэн. Ирэх жил мөн нэмнэ. Энэ оны төсвөөс 400 тэрбум төгрөгийг цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд зарцуулна" гэдгийг онцлон хэллээ.