Хөл хорио тогтож тус бүрнээ хариуцлагатай байх даалгавартайгаар, битүүхэн түгшүүртэйгээр монголчууд ам цагаан хулгана жилээ тосон авлаа. Гэхдээ юм бүхэн хоёр талтай гэгчээр ажил амьдралын их замд жаахан боловч амсхийх чөлөөг олгож байх шиг ээ.

Торгон дээлээрээ гоёхоо түр азнаж, бэлэг сэлт гэж сүржигнэлгүйгээр үр хүүхэдтэйгээ халуун ам бүлээрээ ахиухан цагийг өнгөрүүлж буй үнэ цэнтэй өдрүүд бидэнд олдож...Сандарсан, бачимдсан мэдээлэлтэй нийгмийн сүлжээнээс түр холдож дор бүрээ ариун цэврээ сахиж сэтгэл санаагаа уймруулахгүй байвал аюулт өвчин тийм ч ойр биш ээ.

Цонхоор харахад хотын гудамж тэр чигээрээ эл  хульхан. Хаа нэгтээ ганц хоёр хүн хөлхөнө. Дээлтэй хүн бүр нүдний гэм. Хүмүүст айл хэсэхгүй байхыг сануулах гартаа улаан тэмдэгтэй даавуу угласан хүмүүс үе үе алхана. Иргэдийн ихэнх нь ийм хариуцлагатай үед ухамсартай хандах ёстойг ойлгож ухамсарласан нь олзуурхмаар шүү.

10 эсвэл 20 бүр 30 жилийн дараа "Тээр жилийн цагаан сараар..." гээд ярих байх даа...