УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өчигдөр 13 цагт БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болсон юм. 

Зургаан цагийн турш үргэлжилсэн хурлаар  “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар”, 6.14 “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн” талаарх урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд хэрэгт авагдсан баримтаар үндэстэй байх тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн нь баримтаар тогтоогдож байх тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.

Энэ үеэр хохиогчоор оролцож байгаа Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа Д.Гантулгын хэвлэлийн төлөөлөгч Ц.Одгэрэлийн бие болон эд зүйлсэд нь халдаж хэл амаар доромжилсон гэх мэдээлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм.

Энэ талаар Ч.Саранзаягаас тодруулахад “Өмнөх шүүх хурлын завсарлагаагаар Д.Гантулгын бие төлөөлөгч эмэгтэй шүүх шүүхийн байрны коридорт гараад ирчихсэн дүүгийн зургийн сэмхэн авч байсан. Тэр үед цагдаа утсыг нь шалгаад өнгөрсөн. Гэтэл өчигдрийн шүүх хурал дээр бас л дүүгийн зургийг сэмхэн аваад байхаар нь би яагаад зураг дараад байгаа юм бэ гээд утсаа шалгуул гэж хэлсэн. Ингээд утсыг нь авах гэсэн ч надад өгөөгүй.  Харин ч намайг зөрүүлээд хэд хэд цохисон, ийм л юм болсон.Түүнээс би хүний бие халдаж, цохиж зодоогүй. Цагдаа ирээд утсыг нь шалгахад ард урдаас нь хэдэн зураг дарсан. Түүнийг нь устгуулсан.Орой над руу яриад бид хоёрын талаар мэдээ гарчээ, чи бид хоёр хэдий хэргийн хоёр талд байгаа ч хувийн өс хонзон байхгүй гэж хэлсэн” гэсэн юм.

Шүүх хурлын дараагийн тов тодорхойгүй байна.