Нийслэлийн Чингэлтэй дүүргийн  7 дугаар хорооны нутагт дэвсгэр, Баянхошууны хөтлийн гэр хорооллын айл өрхүүдийн дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлсэн “Дэд бүтцийн төв” төслийг өнөөдөр нээлээ. 

Уг Дэд бүтцийн төв Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 221 нэгж 14 га газрыг хамарч буй. Улмаар тус хэсгийн 250 орчим айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогдлоо. 

Нээлтийн үеэр:

УИХ-ын дарга Г.Занданшатар "Нийслэлчүүдийн хувьд нэг том ажлын эхлэл, шинэ дэвшил болсон бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байгаадаа баяртай байна. Гэр хорооллын орчныг орон сууцны хорооллын орчинтой адилхан хэмжээнд авчирсан ажлын эхлэл бол энэхүү  “Дэд бүтцийн төв” төсөл юм" гэв.


Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд дэд бүтэц хөгжсөн, орон сууцанд амьдарч буй мэт ая тухтай, сайхан орчныг бүрдүүлсэн, агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг дэд бүтцийн төвийн нээлт болж байна. Ирэх хавраас иргэдийг орон сууцжуулах “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхлэнэ гэдгийг дуулгахад таатай байна" хэмээн онцоллоо.


УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Гэр хорооллыг ирээдүйд байшин хороолол болгож, аюулгүй, эрүүл, эко орчин бүрдүүлэх хамгийн оновчтой шийдэл нь энэ төсөл гэж үзэж байна. Энэ ажилд БНХАУ-аас таван тэрбум, нийслэлийн төсвөөс таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 14 га газрыг хамарсан инженерийн таван шугам татаж, шугамуудыг “Дэд бүтцийн төв”-тэйгөө холбосон. Мөн 4 хэсэгт 1.5 км хар зам тавьсан, цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулсан ийм цогц төслийг цаашид өөр хороодод хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Амжилттай хэрэгжих эхлэл нь ийнхүү тавигдлаа гэв. 

Үйл явдлаас гэрэл зургаар онцолж байна.