"Буянт ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэдэд байрных нь батламжийг  гардуулах ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. 

Энэ үеэр "Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар "НОСК энэ жил маш олон ажлыг шинээр хийж байна. Тухайлбал, анх удаа орлогод нийцсэн орон сууц, түрээсийн, түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Улмаар анх удаа найман төрлөөр орон сууцны бүртгэлийг цахимаар явууллаа. Хүндрэл бэрхшээл олон байсан ч дарга цэрэг зэрэг хэн нэгний нөлөөнд автахгүйгээр шударгаар энэ ажлыг явуулсандаа НОСК-ийн хамт олондоо талархал илэрхийлье. 100 хувь шударга явагдсан сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэддээ дахин баяр хүргэе. Энэ ажил цаашид үргэлжлэх болно" хэмээлээ. 

Тус орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн хүсэлт, материалыг долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд цахимаар авсан. Үргэлжлүүлэн хүсэлтээ ирүүлсэн иргэдийг эрэмбэлэх аргаар сонгон шалгаруулсан юм. "Буянт ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцанд түрээсийн, түрээслээд өмчлөх гэсэн хоёр ангилалд 8 төрлийн өрхийг сонгон шалгаруулж, оруулж буй юм.

Эдгээр шалгаруулалт тэнцсэн иргэд өнөөдөр буюу Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр орон сууцныхаа батламжийг гардан авч байна.

Иргэдэд орон сууцны батламж гардуулал ёслолоос гэрэл зургаар хүргэж байна.