Аргентины хөлбөмбөгийн домог, дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Диего Марадона зүрхний өвчний улмаас 60 насандаа таалал төгсжээ.

Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Лионель Месси, Аргентины домог Диего Марадона ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн мэдээг цочирдон хүлээн авчээ.

Домогт хөлбөмбөгчин таалал төгссөнтэй холбогдуулан Аргентины Ерөнхийлөгч тус улсад гурван хоногийн гашуудал зарлажээ.

Диего Марадона 1986 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд Английн шигшээ багийн эсрэг гараараа гоол оруулж Аргентины шигшээ багт ялалт авчирсан билээ. Хожмоо түүний гараараа оруулсан энэхүү гоолыг “бурхны гар” хэмээн нэрлэж байсан юм.

Л.Месси: “Өнөөдөр бүх аргентинчууд, хөлбөмбөгийн хувьд маш харамсалтай өдөр байна. Диего биднийг орхилоо. Гэхдээ тэр яваагүй, яагаад гэвэл Марадона үүрд мөнх. Түүнтэй хамт байсан мөч бүрээ үүрд санаж явах болно. Диегогийн гэр бүл, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Амгалан нойрс доо” гэж бичжээ.