Өнөөдөр автомашингүй өдрийг нийслэлчүүд тэмдэглэж байна. Энэ үеэр хэд хэдэн чиглэлийн замууд 07:00-18:00 цагийн хооронд хаагдаж буй.

“Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийн үеэр Сүхбаатарын талбайд гэр, байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулсан 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байна.

Мөн 5000 дугуйчдын парад, шохойн зургийн уралдаан, спорт, урлагийн олон арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Хүн төвтэй хотын шийдлийн хүрээнд зохион байгуулж байгаа “Цэвэр агаартай автомашингүй өдөр” өдөрлөгт та бүхний оролцоо маш чухал. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах үүднээс олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ бүхнийг иргэд та бүхний оролцоо дэмжлэггүйгээр хийх боломжгүй. Тиймээс иргэд, оршин суугчид, ирээдүйн хөгжлийн эзэд болсон хүүхэд залуучууд та бүхэн бидэнтэй хамтарч хотын хөгжлийг бүтээлцэж, их хотын соёлыг түгээгээрэй гэж уриалмаар байна” гэлээ.