Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагналаа.

2018 онд улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдаж буй 8600 орчим эмэгтэй байгаа бөгөөд тэдний төлөөлөл болох зургаан охинтой ээж, гурван удаагийн төрөлтөөр зургаан хүүхэдтэй болсон зэрэг 350 ээжид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлэн Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд “Алдарт эх”-ийн одонг нь зүүж өгсөн юм.

Тэрбээр, “Хүүхэд бол аливаа үндэстний баяр баясгалан, ирээдүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын бат бөх холбоос юм. Монголчууд 20 дугаар зууны эхээр 700 мянган хүн амтай байсан. Энэ үеэс олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого баримтан ажилласны үр дүнд одоо 3 сая гаруй хүн амтай болоод байна. Харамсалтай нь хүн амаа өсгөх бодлогоор олгодог Хүүхдийн мөнгийг улс төржүүлэх тохиолдол их байна. 

Хүүхдийн мөнгө бол халамж биш хүн амаа өсгөх бодлого гэдгийг эрх баригчид ойлгох хэрэгтэй. Нэг өрх хоёр хүүхэд төрүүлж өсгөвөл нөхөн үржихүйн тэнцвэр хадгалагдаж, гурваас дээш хүүхэд төрүүлбэл хүн ам өсдөг гэсэн судалгаа бий. Тиймдээ ч Алдарт эхийн одон Монгол төрийн үргэлж залгамжлан авч явах ёстой бахархал дүүрэн одон юм. Эрт дээр үеэс эхчүүд, эмэгтэйчүүд Монгол Улсын бахархал, баяр баясгалан байж ирсэн. Монголын үрс маш олон болтугай" хэмээв.


ВИДЕО МЭДЭЭ