Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 15-ны өдрөөс нийслэлийн Ерөнхий боловсролын 29 сургуулийн 2-5 дугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар сургуулийн автобусаар зөөж эхэллээ.

Эхний ээлжид СХД, БГД, ХУД, БЗД, ЧД, СБД-ийн ерөнхий боловсролын 29 сургуулийн 2-5 дугаар ангийн сурагчдад 33 чиглэлд 40 автобусаар үйлчлэх юм. Уг ажлыг Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд үр дүн өндөр байвал цаашид илүү өргөжүүлэн хэрэгжүүлэх аж.

Сурагчдыг автобусанд нийгмийн ажилтан харгалзаж явах бөгөөд төвийн зургаан дүүргийн ЕБС-ийн сурагчид хамрагдана. Энэ ажил нь дан ганц түгжрэлийг бууруулаад зогсохгүй эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх, сурагчдаа унаа тэрэг олдохгүй даарч хөрөх, сургуулиасаа хоцрох гэх мэтчлэн олон асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг албанынхан онцолж буй.

Сургуулийн автобусууд дээр чиглэлийн маршрут /сургууль/ болон “хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийжээ. Мөн сурагчдын эцэг, эхийн гар утсанд маршрутын мэдээлэл очно. Бүх сургуулийн автобусанд байршил тогтоох чип суулгасан учраас эцэг эхчүүд хүүхдээ хаана явж байгааг хянах боломжтой юм.

Сургуулийн автобусуудын маршрут, чиглэлийг ЭНД дарж харна уу.

Өнөөдөр үйлчилгээнд гарч буй тус автобусуудыг хотын дарга С.Амарсайхан өнөөдөр үзэж, танилцав. Гэрэл зургаар хүргэж байна.