“Тал нутгийн марафон” болон “Богд хан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр Богд хан уулын Шавартын аманд эхэллээ.

Тогтсон зай, засмал замд цагтай уралдан байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм.

Уламжлал ёсоор 3 км, 5 км, 10км, 21км-ийн зайн уралдаан зохион байгуулагдахаас гадна энэ жилийн гүйлтийн тэмцээний томоохон онцлог нь Монгол улсад анх удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн төрөл зохион байгуулагдана. Тус төрөл нь Богдхан уулын Шавартын амнаас эхлэн Төр хурах, Цэцээ гүн, Манзушир, Зүүн ширээт, Дугуй цаанаас Зайсан толгой хүртэл нийт 50км-ын зайд болно. 

Тус марафонд олон улсын ултра трайл гүйлтийн тамирчин, ууланд авирагч Франц улсын иргэн Карол Фүкс, Япон улсын хөл нүцгэн гүйлтийн тамирчин Ёшино Цүёши зэрэг алдартай тамирчид урилгаар хүрэлцэн ирж оролцож буй бөгөөд дотоодын 1000 гаруй, гадаадын 200 гаруй тамирчид оролцож байна. Тухайлбал, Япон улсаас 100 гаруй оролцогч, Тайланд, Малайз, Хятад, Непал зэрэг зүүн өмнөд Азийн улс орнуудаас 50 гаруй, Европ, Америк тивийн улс орноос 50 гаруй тамирчид, гүйлтийн спорт сонирхогчид иржээ.


Тус марафонд оролцож буй онцлох тамирчид

Рэнцэндорж Эрдэнэ-Оргил

Өнгөрсөн жил "12/24 цагийн гүйлтийн УАШ тэмцээн"-д 24 цагийн турш 154 км туулж дэд байр эзэлсэн. 2018 оноос эхлэн "Монголын хэт холын зайн гүйлтийн холбоо"-ны тамирчин болсон бөгөөд энэ жил "Чэжү ОУ-н хэт холын марафон 100км"-т 2-р байр, "14 дэх удаагийн Пусан далайн эргийн хэт холын марафон 50км"-т 6-р байрыг тус тус эзэлсэн.


Ёошино Цүёоши

Япон Улсын “Хөл нүцгэн гүйлтийн холбоо”-ны тэргүүн. "Хөл нүцгэн ханхүү" нэрээрээ алдартай. Тэрээр хөл нүцгэн гүйгч бөгөөд хөл нүцгэн гүйлтийн судлаач. Сан Диэго мужийн их сургуулийн магистрын хөтөлбөрт хөл нүцгэн гүйлтийн талаар судалгаа явуулдаг бөгөөд одоогоор Япон Улсад хөл нүцгэн гүйлтийн спортыг түгээн дэлгэрүүлж байгаа юм. Хөл нүцгэн гүйх нь хүний таван цул, зургаан савд эерэгээр нөлөөлж элэг бөөрний үйл ажиллагаа сайжран, хоолны дуршил нэмэгдэж эрч хүч нэмэгдэн эрт өтлөхөөс сэргийлснээр урт наслуулах ашиг тустай байна.


Карол Фүкс

Франц Улсын иргэн, ууланд авирагч, трайл ран төрлөөр голчлон гүйдэг тамирчин. 2017 оны 9 дүгээр сард Гималайн нуруунд орших Манаслу (8,163м) оргилд гарсан бол энэ онд 2018 оны 5 дугаар сарын 20-нд дэлхийн ноён оргил Эверест (8,848м) оргилд гарсан байна.