Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах Зөвлөлийн дарга, "Өлзий & Ко капитал ҮЦК"-ийн захирал Б.Өлзийбаяртай ярилцлаа.


-Сүүлийн үед хөрөнгийн зах зээл сэргэж эхэллээ. Хүмүүс эргээд хувьцаа, хөрөнгийн зах зээл рүү хуйларч эхэллээ. Үүний шалтгааныг та мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Ёстой үнэнд гүйцэгдэнэ гэдэг л болж байна л даа. Цаг хугацаа бүх юмыг шүүгээд гаргаад ирдэг юм байна. Тогтвортой санхүүгийн зах зээлийг бий болгох гэж байгаа л бойл хөрөнгийн зах зээлээ хаяж болдоггүйг төр засаг, ААН, иргэд ойлгож эхэлчихлээ.

Яагаад гэвэл дан ганц банк дээр төвлөрсөн санхүүгийн зах зээлийг балгийг өөрсдөө амслаа. Сүүлдээ өнөө банк нь ардын дайсан болох шахлаа. Зээлийн хүүгээр дарамталдаг л гэнэ. 

Аргагүй шүү дээ, санхүүгийн зах зээл дээр өрсөлдөгч байхгүй тохиолдол энэ бол байх л үзэгдэл. Өөрсдийн нөхцөлөө л тулгана.

Тэгэхээр бүх түвшиндөө хүссэн хүсээгүй хөрөнгийн зах зээл хэрэгтэй, санхүүгийн зах зээлийн нөгөө баганагүйгээр тулж түшиж босоход бэрх гэдгийг ойлгож байна. 


-Хугацаагүй хадгаламж хүүгүй болсон. Төв банкны бодлогын хүү буурч дагаад хадгаламжийн хүү буурсан нөхцөл бүр ч ихээр дэмжлэг болов уу?

-Мэдээж нөлөөлж буй чухал хүчин зүйлсийн нэг л дээ. Цар тахлын энэ үед төр засгаас арга хэмжээ авч оновчтой шийдвэр нэлээн гаргалаа. Хүчээр ч бай хүчээр биш ч бай бодлогын хүүг бууруулах нь маш зөв шийдэл байсан.

Хадгаламжийн хүү буурахаар иргэд мөнгөө хаашаа оруулж өсгөж болох вэ гэсэн арга зам хайж байна. 

ААН-үүдийн хувьд ч банканд хамаг хөрөнгөө барьцаалуулж зээл авахаас өөр арга зам хайх болсон. Хэрвээ бизнесийнхэн ирээдүйд мөнгө олох энх үүсвэр нь баталгаатай бол хувьцаа, бонд гэх мэт үнэт цаас гаргаж болдог юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Одоо л хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг ойлгож байна.

-Үүнийг ойлгоход хэтэрхий их цаг хугацааг зарцууллаа даа?

-Арайгаар барах уу дэндүү их цаг алдлаа. Өмнө хэлсэнчлэн гараа анхнаасаа муу байсны л үр дагавар. 

Гэхдээ олзуурхмаар сайн мэдээ олон гарч байгаад баярлаж сууна. Бодлогын хүүг бууруулсны үр дүн гэхэд гараад эхэлчихлээ. Бас банкууд нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргахаар боллоо. Үүнийг шинэчлэл, өөдрөг өнгө аяс үнэртүүлсэн шийдвэрүүд гэж би хардаг.

Банк гэдэг харилцагчдынхаа мөнгөөр л бизнес хийж байгаа газар. Банкны эзэд буюу давуу эрхтэй хувьцаа эзэмшигч нь өөрийн компани руу юүлдэг жишиг тогтоод удаж байгаа шүү дээ. Өөрсдийнх нь бизнест өргөжөөд, тэгсэн хэрнээ банкны үйл ажиллагааны ашгийн өгөөж нь муу байна гэж гомдоллодог. Энэ мэтийг хязгаарлах санхүүгийн зах зээлд ач холбогдолтой шийдвэр гарлаа. Санхүүгийн байгууллага бол ердөө л зуучлалын байгууллага. Үүнийгээ мартчихаад явдал гараад байна л даа.   


-Хөрөнгийн зах зээлд яагаад хөрөнгө оруулах ёстой вэ?

-Хөрөнгийн зах зээл гэдэг ойлголт нь бусад оронтой харьцуулахад манайд шинэ хэвээр байна.

90-ээд онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас эдийн засгийн тогтолцоо тэр тусмаа ардчилсан нийгэмд шинэ ойлголт гарсан нь хувийн өмч хөрөнгө. Хувийн хэвшлийг бий болгохын тулд маш богинохон хугацаанд өмч хувьчлалыг явуулж 475 төрийн өмчит компанийг хувьчилчихсан. Үндсэндээ хөрс нь бэлэн болоогүй, иргэдэд энэ талаарх ямар ч мэдлэггүй үед өрнөчихсөн хэрэг. Үр дүнд нь маш богинохон хугацаанд хувийн хэвшил бий болж ДНБ-ий 90 гаруй хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг болсон. Том амжилт л даа, нөгөө талд нь тэр олон цэнхэр ягаан тасалбар үр дүнгээ өгсөн үү, хөрөнгө оруулалт нь өгөөжөө өгсөн үү гэдэг дээр алдсан. Үнэндээ олон иргэн иргэдэд тараасан өмч хувьчлалынхаа эрхийн бичгийнхээ үр шимийг амсаагүй. Хүмүүст өмч хувьчлалын эрхийн бичиг өгөөд хувьцаа аваарай гээд өгчихсөн, нөгөө хүмүүс нь хувьцаа гэж юу юм бэ гэдгийг ойлгоогүй байсан үе. Мэдлээ гэж бодоход ямар компанидаа хөрөнгө оруулахаа мэдэхгүй явсан.

Зарим нь шил архи, шуудай гурилаар хүртэл сольсон, нэг өрхөд өгч байсан учраас аль нэгэн нь зарчихсан, ирээдүйн өгөөжийг нь тооцоололгүй жишээ олон таарсан. Энэ тал дээр манай өмч хувьчлал алдсан, гашуун түүхтэй.


-Таны бодлоор үүнийг яаж хийх ёстой байсан бэ?

-Бид үүнийг хөрөнгө оруулалтын сангаар хийсэн хийсэн бол хожих байсан.

Би Лондонгийн Вест Вестерний их сургуульд магистрийн зэргээ энэ сэдвээр хамгаалсан. Хуучин соц гэгддэг орнуудын өмч хувьчлалтай харьцуулж судалгааны ажил хийсэн юм. Зарим улс оронд манайх шиг хувьчлал үр дүнд хүрчихсэн. Амжилттай яваа сонгодог жишээ нь Польшийн жишээ. Яг адилхан л нийгмийн өөрчлөлтийн нөлөөгөөр хувьчлал өрнөсөн. Ялгаа нь иргэн болгонд тарааж өгөөгүй, иргэдээ ваучерийг нь тарааж өгөөд 15 төрийн өмчит хөрөнгө оруулалтын сандаа хөрөнгө оруул гээд зөв чиглүүлчихсэн.

Мэдээж сангийн ард хөрөнгө оруулалтын мэргэжлийн баг ажиллаж байгаа шүү дээ. Ингэж зөв гольдролдоо оруулчихсан.

Өнөөдөр гэхэд Варшавын хөрөнгийн бирж Зүүн европтоо хамгийн томд тооцогдож байна. 2012  онд гаргасан IPO-ийн тоогоор европт нэгдүгээрт, IPO-гоо босгосон үзүүлэлтээ европт 5 дугаарт орж, Лондонгийн хөрөнгийн биржийг ардаа орхисон амжилт гаргасны нууц энэ.


-Хувьцаагаа заралгүй хөрөнгө оруулсан ч гэсэн үр шимийг нь хүртэж чадахгүй шахам тохиолдол байна. Хамгийн ойрхон жишээ гэвэл УИД-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудал байна шүү дээ?

-Анхнаасаа хувьчлалыг буруу явуулсны л илрэлийн нэг нь УИД хувьцаат компани дээрх жишээ юм. Яагаад гэвэл цэнхэр тасалбараараа 45 мянган хүн хувьцаа эзэмшчихсэн, ихэнх нь хувьцаа эзэмшигчдийнхээ хурал дээр ирдэггүй, хэзээ ч саналаа өгдөггүй.  Идэвхтэй хэдэн хувьцаа эзэмшигчид л эрхийнхээ төлөө дуугардаг. 

Тэр 45 мянган хүн УИД хувьцаат компанийн 35 хувийг эзэмшдэг юм билээ. Ийм учраас л үлдсэн 65 хувийг эзэмшиж байгаа том хувьцаа эзэмшигчид өөрсдийнхөө дураар шийдвэр гаргаад явж байна.

Үүн дээр би аль нэг талыг нь буруутгамааргүй байна. Жижиг хувьцаа эзэмшигчид нь хуралдаа ирэхгүй байхад олонх нь өөрийнхөөрөө шийдвэрээ гаргаж л таарна. 

Хэрвээ тэр 45 мянган хүн нэг хөрөнгө оруулалтын сан дээр төвлөрүүлсэн бол шал өөр нөхцөлтэй байх байлаа. Тэр санг төлөөлөөд гурван хүн ТУЗ-д нь суугаад өнөө том хувьцаа эзэмшигчдэд хяналт тавьж, шийдвэр гаргахад нь нөлөөлчих бүрэн боломжтой. Энд л сан байгуулахын ид шид, ач тус байгаа юм.


-Арилжааны банкууд дэмжлэг цөөнгүй авсан. Тэгвэл хөрөнгийн зах зээлийг тэлэх дэмжлэг, боломж байна уу. Жиээ нь НДШ-ийн мөнгийг байршуулах нь нэг шийдэл байж болох уу?

-Тэтгэврийн шинэчлэл, тусгай сангуудын хараат бус байдлыг хөгжүүлэхгүйгээр хөрөнгийн зах зээл хөгжихгүй. 

Тэгэхээр үүн дээр анхаарал хандуулахаас өөр арга байхгүй. Тэтгэврийн реформыг гэхэд бид хөрөнгийн зах зээл гэж харахгүй өдийг хүрсэн. Үнэндээ энэ бол нийгэм эдийн засаг гээд бүх шатандаа маш том ач холбогдолтой алхам. Бид цалин болгоноосоо нийгмийн даатгалд тушаадаг, тэгсэн хэрнээ тэтгэвэрт гарахаараа хэдхэн төгрөг авдаг.  Бараг л тэтгэвэрт гарахаараа шууд эмзэг бүлэгт шилжиж байна гэж хэлсэн ч буруудахгүй. 

Өнөө сан нь хаана байна вэ, үнэхээр арвижуулж чадаж байна уу,  хөрөнгө оруулалтыг нь мэргэжлийн хүн удирдаж байна уу. Энэ бүхнийг нийгмийн даатгалын шимтггэл төлж байгаа хүн бүр мэдэх ёстой.  


-Гэтэл хэдийн үрэн таран хийчихсэн байдаг. Тод жишээ нь Капитал банкан дээр харагдлаа шүү дээ?

-Капитал банканд хувь хүн ч итгэж сая төгрөгөө хийхэд бэрх байсан шүү дээ. Ямар ч санхүүгийн мэргэжилтэн тэр банкны тайлан балансыг нь хараад энэ банканд хадгалуулахгүй л гэж хэлнэ. Гэтэл тэр банканд нийгмийн даатгалын бүхэл бүтэн 140 тэрбум төгрөг хийж “самарсан”.

Эндээс улс төрчид бидний мөнгийг яаж удирддаг гэдгийг яруу тодоор харуулж байгаа биз. Тийм учраас бид өөрийн нэр дээрээ тэтгэврийн данстай болж, түүнийг нь мэргэжлийн хүмүүсээр удирдуулмаар байна. Тэтгэврийн реформ хийж хөдөлмөр эрхлэх хугацаандаа хуримтлуулсан шимтгэлээ ашигладаг тогтолцоог нэвтрүүлэх цаг нь болчихлоо. Бид яагаад гадны настнууд шиг тэтгэвэрт гарчихаад мөнгөдөө санаа зовохгүй гадаад дотоодоор аялаад явж болохгүй гэж. Цаашид татварын таатай орчин бүрдүүлмээр байна. Ялангуяа хөрөнгө оруулалтын сангуудыг татвараас чөлөөлөх хэрэгтэй.


-Ийм шийдэл гаргавал хөрөнгийн зах хөл дээрээ бат тогтож чадах болов уу?

-Чадна гэдэгт итгэлтэй байна. Одоо ч гэсэн үр нөлөөгөө үзүүлээд эхэлчихлээ. Саяхан тооцоо судалгаа хийгээд үзэхэд  IPO хийж, олон нийтэд нээлттэй болсон компаниудын ашиг орлого өмнөхөөсөө хэд дахин өссөн үзүүлэлттэй гарсан. Ашиг нэмэгдэнэ гэдэг бизнес нь сайжирч, ажлын байр нэмэгдүүлж, улсад төлж байгаа татвар нь нэмэгдэж байна гэсэн үг. 

Төслийн санхүүжилтээр явагдаж байгаа тендрүүдэд олон нийтэд нээлттэй компаниудад давуу эрх олгох ёстой юм. 


-IPO хийхийн ач тусыг үндэсний компаниуд ойлгож байна уу?

-Хүссэн хүсээгүй нээлттэй болох зам руугаа явж байна. Миний мэдэх хэд хэдэн компаниуд IPO хийхээр сонирхоод эхэлчихлээ. Үүний цаана олон шалтгаан бий. Наад зах нь энэ их эмх замбараагүй улс төржилтийг хар л даа. Компаниудыг ажлыг нь амар тайван хийлгэхгүй байна. Нэг өглөө сэрэхэд л лицензийг нь цуцлаад булаачихвал гайхах юм алга.

IPO нь улс төржилтөөс хамгаалах нэг арга гэдгийг ойлгоод эхэлчихлээ. Үндсэндээ ганц Дорж гэдэг хүний бизнес биш бидний бизнес болчихож байна.


Орчин үед феодол сэтгэлгээгээр бизнес хийдэг цаг үе хоцрогдчихлоо.  Ганцаараа сайхан амьдрах бус олуулаа баялгийн хуваарилалтад оролцох баян ядуугийн зөрүү багасна. Энэ бол нийгэмдээ оруулж байгаа маш том хувь нэмэр. Гэтэл нэг нь хамаг боломжийг нь өм цөм атгаад бага хүүтэй эх үүсвэрийг хүртээд сууж болохгүй.


-Манай хөрөнгийн зах дээр идэвхтэй тоглогч хэд орчим байдаг вэ?

-Хөрөнгийн зах зээл дээрх идэвхтэй тоглогчдын тоо таван жилийн өмнө дөнгөж 1500-1800 орчим л байлаа. Өнөөдөр 10 мянга давчихсан. 

Лэндийн IPO дээр гэхэд 5000 орчим хүн оролцсон. Хүмүүсийн тэр дундаа залуусын  хандлага эрс өөрчлөгдөж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байгаа. 

Бид 30 жил зэрлэг капитализмаар явчихлаа, одоо арай өөр сэтгэлгээгээр ажиллах ёстой. Үүнийг хөрөнгийн зах зээл харуулж чадна. 


-Цар тахлын үеэр хувьцааны ханш огцом өслөө. Ямар шалтгаан нөлөөлөв?

-Энэ бол дэлхий даяар явагдсан үйл явц. Олон улс оронд зарим хувьцааны үнэ огцом өслөө, хөөс үү хэзээ хагарах бол харзнаж гайхсан хүмүүс энэ зах зээлд дүүрсэн. Үүнд хөл хорионд орсон цаг завтай хүмүүс өөрийгөө хөгжүүлэхэд цаг хугацаагаа зарцуулж эхэлсэн нь нөлөөлсөн. Нөгөө талаас орлого нь буурсан учраас өгөөж өгөх эх үүсвэр хайж эхэлсэн. Ингээд л гэртээ, компьютерийнхээ араас хийж болох зүйлийг хувьцаа, бондын хөрөнгө оруулалт гэж харж байна.  


-Хамгийн сүүлийн үеийн хувьцааны өгөөжтэй хувьцаануудаас нэрлэхгүй юу?

-Олон жишээ бий. Мандал даатгалын хувьцаа он гарахын өмнө 40 орчим төгрөгийн үнэлгээтэй байсан. Өнөөдөр гэхэд 66-67 төгрөгийн хооронд ханш нь хэлбэлзэж байна.  Хэрвээ 40 төгрөг байхад нь дөрвөн сая төгрөгөөр 10 мянган ширхэг хувьцаа авсан бол өнөөдөр 2 сая 700 мянган төгрөгийн ашиг олчихсон байна гэсэн үг. Бондын хувьд манай компани дээр дээр гэхэд жилийн 16-17 хувийн хүүтэй маш найдвартай компанийн бонд гаргаж байна. 

Миний анзаарснаар манайхан хувьцаа ашигтай гээд л яриад байна. Эхлээд бодит үйлдэл хийх нь чухал шүү дээ. Үйлдэл хийж бодит өгөөжийг амссан хүмүүс хөрөнгийн зах зээл рүү эргэлт буцалтгүй ордог. Анх бондыг тайлбарлуулж байсан бол одоо мэргэжилтэн шиг ойлголт мэдлэгтэй болчихсон над руу утасдаад ямар бонд байна вэ гэж залгадаг гээч.



-Зарим хүмүүс хувьцааг хэт савалдаг, эрсдэлтэй  гэж үздэг шүү дээ. Энэ тохиолдолд ямар сонголт хийж болох вэ?

-Энэ бол хувьцааны эрсдэл. Үүнийг би анхнаас нь хүмүүст хэлдэг.  Буруу ойлгож ойрын үеийн хэрэгцээний мөнгөө оруулах хэрэггүй. 

Хэрвээ хувьцааг эрсдэлтэй гэж үзэж байвал эрсдэл хамаагүй багатай хэрнээ тогтмол өгөөжтэй хувилбар нь бонд юм шүү дээ. Бараг л хадгаламжтай адилхан хувилбар. Мэдээж илүү ашигтай.


-Голдуу ямар компаниуд бонд гаргаж байна вэ?

-Өмнө нь дандаа санхүүгийн байгууллагууд бонд гаргаж түүнийгээ зээлийн бүтээгдэхүүн болгодог байсан жишиг бий. Сүүлийн үед энэ байдал өөрчлөгдөж, өөр салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд орж ирж байна. Он гарангуут Мишээл сити гээд барилгын төсөл дээр бас технологийн компанийн төсөл дээр ажиллаж нийт найман тэрбум төгрөг босгосон. 

Одоо уул уурхайн компанийн бонд дээр ажиллаж байна. Бидэнд шинэ төрлийн төслүүд дээр ажиллах сонирхолтой байна.


-Өнөөгийн нөхцөлд банканд хадгаламж хийж байгаа хүмүүсийг бараг санхүүгийн боловсрол тааруугийн шинж гэж дүгнэж болох уу?

-Хадгаламж гэдэг өөрт нь хамгийн амар хувилбар л даа. Хүн өөрийнхөө тав тухтай бүсээсээ гарж чадахгүй. 

Өнөөдөр гэхэд бодлогын хүү 6 хувьтай болчихлоо. Банкны хадгаламжийн хүү 10 хувиас доор орлоо. Гэтэл бондын хүү 15-17. Өгөөж нь асар ялгаатай байгаа биз. 

Дээр нь хувьцаа, бонд авснаар хөрөнгийн зах зээлийн талаар ямар ч сургалтад суугаад олж мэдэхгүй мэдээллийг олж авдаг.  Анализ, дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах ур чадварт суралцаад зогсохгүй хувь хүнийхээ хувьд асар их зүйл олж авч, хөгждөг юм.


-1072 хувьцааны мөнгө, хүүхдийн мөнгө олгох үеэр худалдан авалт эрс ихэсдэг гэсэн. Энэ мөнгөөр хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж байгаа эцэг эхчүүд нэлээн нэмэгдсэн гэж дуулсан. Энэ талаар зарим иргэд мэдээлэлгүй шахуу байгаа шүү дээ?

-Хүүхдийн мөнгө гээд сар бүр 100 мянган төгрөг олгож байна. Энэ мөнгөө хэрэглээндээ зарцуулахгүйгээр хүүхдийнхээ нэр дээр данс нээгээд арилжаанд оролцдог хүмүүс нэмэгдсэн. Зарим нь таны хэлснээр ийм боломжийг мэддэггүйгээсээ болоод өгөөж авах боломжоо алдаад байна. Эсвэл хэрэглээндээ хамаг мөнгөө зарцуулчихдаг. Үнэндээ үр хүүхдийнхээ төлөө зөвхөн өнөөдрөөрөө амьдармааргүй байгаа юм.


-Хүүхдүүд голдуу ээжүүдээр дамжиж санхүүгийн боловсрол аваад байх шиг санагддаг. Бид хүүхдүүдийнхээ санхүүгийн боловсролд хэр анхаарал хандуулж байна вэ?

-Манайд энэ талын мэдлэг үнэхээр дутмаг. Японд нөхөр нь хамаг цалингаа эхнэртээ авчраад өгчихдөг. Өрхийн санхүүг эхнэрүүд нь өрхийн зарлагаа зохицуулж, мөн хадгаламж, хөрөнгө оруулалтаа хийдэг жишиг бий. Миний амьдарч байсан айлын эхнэрээс би үүнийг олзуурхан харж байлаа. 

Хүүхдэд багаас нь орлого зарлагаа хэрхэн тооцохыг заагаад өгчихдөг юм билээ. Хувьцаа бондын талаарх мэдлэгийг ЕБС-ийн хөтөлбөрт нь оруулчихсан, ахлах ангид нь заадаг юм билээ. Ингэж цэгцтэйгээр санхүүгийн боловсрол өгч, өөрийг нь бэлддэг.


-Манай эмэгтэйчүүдийн хувьд энэ тал дээр дутмаг. Тэдэнд юу зөвлөх вэ?

-Хөрөнгийн зах зээлийг хамгийн том давуу тал нь та гэртээ байгаа ч гэсэн өгөөж хүртэж болдог. Эмэгтэйчүүд гэртээ суунгаа, хүүхдээ харангаа л ашиг хүртэх бүрэн боломж байна. Энэ чинь эргээд гэр бүлдээ, хүүхдүүдийнхээ санхүүгийн боловсролд хийж байгаа маш том алхам шүү дээ. 

Нөгөө талаас эмэгтэйчүүд боломж л байвал санхүүгийн хувьд ч оюундаа хөрөнгө оруулалт хийж байгаасай гэж хүсдэг. Юм багаас эхэлдэг, тав арав гэлтгүйгээр бага багаар хуримтлал хөрөнгө оруулалт хийдэг хэвшлийг нь суулгачихмаар байна. Бүр над дээр хүрээд ирсэн ч хамаагүй заагаад өгчихмөөр санагддаг. /инээв/