Иргэд хөрөнгийн зах зээлийг хэзээ хэзээнээс ч илүү сонирхон судалж байна. Арилжаанд ороход бэлэн, яг ямар компанийн хувьцаа ашигтай талаар хэлэлцэн ярилцдаг болж. Үүнийг өнгөрсөн онд хөрөнгийн зах зээл дээр шил даран гарсан IPO, 210 тэрбумаар хэмжигдэх түүхэн дүнтэй арилжаа батална.


Гол нь хэсэг уналтад ороод байсан хөрөнгийн зах зээл огцом сэргэж буй энэ үед мэргэжлийнхэн иргэдийн санхүүгийн мэдээллээр хангаж, тоглогч компаниуд нь итгэл алдахгүйгээр урагшлахад, санхүүгийн зах зээлийн хүчтэй энэ багана бат гэгч зогсчих нөхцөл нь бүрдчихэж байгааг, цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг ч татах боломж шаардлага ч бийг “Хөрөнгө оруулагч үндэстэн” форум харууллаа.

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлж ард иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилго бүхий иргэдэд зориулсан "Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга" уулзалтыг Ард Санхүүгийн Нэгдэл 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа нь энэ юм.


Зочдын ихэнхийг залуус бүрдүүлсэн уг форумд санхүүгийн салбарын хамгийн “халуун” сэдвүүдийг сонгон, төрийн болон хувийн ААН-үүдийн төлөөлөл болсон сонирхолтой зочдыг урин оролцуулсан гэдгээрээ онцлог. Арга хэмжээний хүрээнд олон улсын хөрөнгө, санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээлэл, хөгжлийн чиг хандлага, шинэ санаачлагуудыг танилцуулж, салбарын мэргэжилтэн, экспертүүдийн илтгэл, хэлэлцүүлэг явагдсан юм. 

Мөн тус чуулганд 10 орчим цахим дэлгүүр танилцуулга сурталчилгаагаа хийхийн зэрэгцээ чуулга уулзалтын ивээн тэтгэгч байгууллагууд болох “Мост финтек”, “Андууд лаб”,‘‘Монос хүнс”, “Монгол шуудан” зэрэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга хийж, “Ард санхүүгийн нэгдэл” шинэ бүтээгдэхүүн болох “Ард ап”-аа танилцуулав.


УЛАМЖЛАЛТ БАНК, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ЦОЧРООЖ БУЙ “ФИНТЕКИЙН ДАЙРАЛТ”

Хүссэн ч эс хүссэн ч бидний амьдралд өдөр бүхэн нэвтэрч буй зүйл бол технологид суурилсан үйлчилгээнүүд. Гар утсаараа банкны үйлчилгээг чирэгдэлгүй авч, бараагаа захиалаад авна гэдэг хэдхэн жилийн өмнө төсөөлөхөд ч төвөгтэй зүйл  байв. Харин өнөөдөр хэрэглээ болж эхэлжээ. Нөлөөгөөр нь бид цаг хугацаагаа хэмнэж нөгөө талаасаа уламжлалт банк санхүүгийн салбарт цочроо өгч өөрчлөлт шинэчлэлтийн салхи татуулжээ. Энэ сэдвийг “Хөрөнгө оруулагч үндэстэн форум” “Финтекийн дайралт” сэдвээр хөндсөн юм.


Зочин илтгэгчид Монгол улс хэдийгээр далайд гарцгүй ч гэсэн дижитал хөгжил нь олон улсад танигдах суурь нь болчихсон, бүр Азидаа толгой цохиж явааг хүлээн зөвшөөрсөн. Үүнийг Зүүн өмнөд Азийн зах зээлд амжилттай хүч сорьж явааг лэнд.мн батална. Угийн сониуч зантай монголчуудад финтех буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ маш хурдан нэвтэрч, үр өгөөжөө ч өгч байгааг зочин илтгэгчид онцоллоо. Хэрэв энэ чигээрээ финтек амжилттай үргэлжилбэл өнөөгийн бизнес эрхлэгч эрхлэгчдийн толгойны өвчин болоод буй зээлийн хүү навс буурах боломж ч байгааг дурьдлаа.
Энэ талаар Most money компанийг үүсгэн байгуулагч А.Сүхдорж “Өнөөдрийн 24 хувийн банкны хүү ирэх 3 жилийн дотор хоёр дахин ч буурах боломжтой. Үүний цаана хүн бага ажиллаж, тэр хэрээрээ үйл ажиллагааны зардал буурна. Зөвхөн банк талаасаа өртөг буурахаас гадна үйлчилгээ авч байгаа хүн ч замын түгжрэлд цаг хугацаа алдахгүй гээд олон талтай” гэлээ.

Судалгаа хийхэд банкинд очиж зээл авах, финтекийн компанитай харьцуулахад 10.2 дахин хямд өртөгөөр эцсийн хэрэглэгчид хүрэхээр тооцоо гарчээ. Энэ нь өөрөө уламжлалт банк, санхүүгийн байгууллагууд орчин үеийн технологийн өрсөлдөөнөөс алгуурлаж болохгүйг харуулж байна. Гэнэтийн энэхүү өөрчлөлтийг хүлээн авбал банкууд ч финтек болох сонголт болно, гэхдээ цаг хугацааны асуудал байгаа гэв. 

Финтекийн хөгжилд саад болж буй зүйл зөндөө. Саяхныг болтол бид аль нэг АТМ-ээс ганцхан банкны үйлчилгээг авдаг л гэж боддог байлаа. Харин өнөөдөр дурын банкны картаараа аль ч АТМ-ээс мөнгө авах боломжтой болчихсон. Яг үүн шиг бид аль нэгэн финтек компаниас зээл авахын тулд утсаараа дүүрэн апп татдаг. Үүнийг цэгцлэхийн тулд харилцан холболтын асуудлыг шийдэх хэрэгтэй болчихсон гэдгийг ч дурьдаж байлаа. Энэ нь цаг хугацааны асуудал хэдий ч хэрэглэгчдэд амар хялбар байхын тулд төр засгийн зүгээс албан зохицуулалт эсвэл компаниуд нэгдэн ханцуй шамлан орохоос өөр аргагүйд хүр гэдэгтэй ч зочид санал нэгдсэн юм. Тэдний алсын хараа бол финтекийн компаниуд тус тусдаа бус нэгдэн нийлж гадаад зах зээл дээр гарахыг, олон улсад хүч сорих. Үүнийг л өрсөлдөөн гэж хармаар байна салбарынхан хүлээн зөвшөөрлөө.


    УТАА, ТҮГЖРЭЛИЙГ ТЕХНОЛОГИОР ШИЙДЭХ БОЛОМЖ 


Хэдхэн жилийн өмнө дэлхийн хамгийн утаатай гэгдэж байсан урд хөршийн нийслэл Бээжин технологийн хүчээр асуудлаа шийдэж чадсан. Ерөөсөө хотыг шинээр төлөвлөж явахад орчин үеийн шийдлийг ашиглах боломжийг дэлхийн бүх хотууд ч хэдийн ашиглаж эхэлжээ. Харин Улаанбаатар хот ухаалаг, орчин үеийн, хүндээ ээлтэй хот болохын тулд ямар алхмууд хийж байгаа талаар "Утаагүй ирээдүйн сан - Смартсити" хэлэлцүүлгийн үеэр хэлэлцлээ.

Утаа, замын түгжрэлээс бага ч болсон салах алхмуудыг ч хэдийн эхэлсэн гэдгийг хэлэлцүүлгийн зочин, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг хэллээ. Тэрбээр 2015 оноос хойш Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гэв.

Хэдхэн жилийн өмнө 2-3 хоногоор хонон өнжин дугаарладаг байсан нийслэлийн 200 гаруй цэцэрлэгийн бүртгэлийг 20 гаруйхан сая төгрөгөөр системжүүлсэн нь иргэдийн хувьд хамгийн ойрхон жишээ байв. Үүний цаана бүртгүүлэх гэж ирж байгаа эцэг эхчүүдийн шатахуун унааны зардал, үүнийг дагаад замын түгжрэлийн асуудал мэдээж хамгийн чухал нь цаг хугацаагаа хэмнэчихэж байгаа юм. Энэ шийдлээр утааг ч арилгаж боломжтой.

Утааг багасгах шийдлийн нэг нь удахгүй хэрэгжих "Uber" шиг систем гэдгийг л дурьдлаа. Энэ онд хувийн авто машинаар такси үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийг бүртгэлжүүлж цэгцэнд оруулах нь нийтийн тээвэр хангалттай хөгжөөгүй нийслэлийн хувьд тохиромжтой шийдэл байх учраас хэрэгжүүлэхээр болсон байна. Хамгийн гол нь утаагаа багасгахын тулд хүн болгон ухаалаг, хариуцлагатайгаар хандаж, сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна гэлээ. Жишээ нь цахимаар гэрээсээ авч болох төрийн үйлчилгээг өнөө л уламжлалт сэтгэлгээгээр хандан заавал тухайн байгууллагад ханддаг арга барил ч байгааг онцолж, өөрчлөх ёстойг онцоллоо. 

Энэ талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан "Утааг шийдэх боломж гаргалгаа нь бэлэн байна. Гол нь аль аль талдаа ойлголцлоо нэгтгэж чадахгүйд асуудал бий. Иргэд нь төр нь чухам ямар эрх үүрэг хүлээж байгааг нь тодорхой болгож, өмнөх ажлаа сайн хийхэд болно. Харамсалтай нь дундуур нь хэсэг бүлэг бизнес эсвэл хэн нэгний улс төрийн шоу болчихоод байна" гэлээ.


IPO ХИЙСЭН БОЛ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ ШИГ АРГА БАРИЛААР АЖИЛЛАХ ЁСГҮЙГ ЗАХИРЛУУД ОЙЛГОХ ЁСТОЙ

Оролцогчдын анхаарлын төвд байсан сэдвийн нэг бол “Хөрөнгийн зах зээл 2019” хэлэлцүүлэг. Хэлэлцүүлгээр хөрөнгийн зах зээлд хэдийгээр олон өсөлт, нааштай тоо гарч байгаа ч гэсэн компаниудын зарчимтай, ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстойг онцолсон.

Тухайлбал зарим компаниуд хувьцаа гаргахаасаа өмнө PR хийж төлөвлөсөн мөнгөө босгочихдог. Харин дараа нь амандаа ус балгачихсан юм шиг дуугүй болчихдог тал бий. Энэ бол маш буруу арга барил. Угтаа хувьцаа эзэмшигчидтэйгээ ил тод, нээлттэй байх нь засаглалын үндсэн зарчмын нэг нь. СЗХ-ны журмын дагуу жилийн тайлангаа тавих ёстой ч манай хувьцаат компаниуд үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна гэдгийг ч дурьдлаа.

Энэ талаар Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр “IPO хийж байгаа компанийн эзэд компани нь нэгэнт олон нийтэд өөрийн бизнесээ хуваалцаж байгаа учраас бүх мэдээллээ хуваалцах ёстой. Эхлээд үүнийг сайтар ойлгож хүлээн зөвшөөрөх ёстой, бүх мэдээллээ ч ил болгоно. Үүний дараа мэргэжлийн байгууллагуудад хандана, мэдээж олон нийтэд санал болгож байгаа учраас процесс тийм хурдан биш, андеррайтер, аудитын, үнэлгээний гээд олон ажил, шат дамжлагатай. Тиймээс хамгийн багадаа 6 сар ордог" гэсэн юм.

MIBG компанийн гүйцэтгэх захирал, эдийн засагч А.Билгүүн:


Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад зарим компаниуд IPO хийж үйл ажиллагаагаа явуулахад бэрх болдог. Ялангуяа уул уурхайн компаниуд өчнөөн саад бэрхшээл туулж байж төрөөс зөвшөөрлөө авдаг. Авсных нь дараа орон нутгийн иргэд ажлыг нь хийлгэдэггүй. Засгийн газрын шийдвэр илүү хүчтэй юу, орон нутгийн шийдвэр илүү хүчтэй юу гэдэг асуудал гарч ирдэг. Тиймээс нийгэм тухайн компанийг хүлээн зөвшөөрсний дараа тусгай зөвшөөрлийг нь өгдөг системд шилжмээр байна. Энэ нь тухайн IPO хийж байгаа компанийн эрсдлийг багасгана. Одоохондоо IPO хийнэ гэдэг Монголын хувьд тийм ч зардал багатай ажил биш. Зарим компаниуд банкны хүүнээс ч өндөр хүүгээр IPO хийж байна. Сайшаалтай нь гадны хөрөнгө оруулагчид эхнээсээ ороод ирчихсэн. Эдгээр хөрөнгө оруулагчдын гол зорилго нь Монгол шиг өсч буй зах зээл рүү орж ирээд өндөр өгөөжийг эртхэн дээр нь авах.


Ард Даатгал компанийн Гүйцэтгэх захирал Г.Цогбадрах:

Ард Санхүүгийн Нэгдэд иргэд санхүүгийн үйлчилгээ авч байгаа компанийнхаа хувьцаа эзэмшигч эзэн нь байгаасай, эргээд түүнээсээ ашиг орлого хүртдэг байгаасай гэсэн философи байдаг. Тэгвэл энэ хүрээнд олон төрлийн ажил хийгдсэн. Энэ ажлын нэг нь Ард Даатгал компанийн IPO юм. Тухайн үед төлөвлөснөөсөө 3 сар ч хоцорч гарсан.
Нээлттэй хувьцаа болсноор үйл ажиллагаагаа нээлттэй болгох тал дээр эрчимжсэн.Манай компанийн хувьд 24 жил үйл ажиллагаа явуулчихсан учраас асуудал гараагүй. Мэдээж хариуцлага нэмэгдсэн. Ирэх онд хөрөнгийн зах зээлийг бүтээгдэхүүн өргөжих цаг нь болсон.