Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте өөрийгөө тоглоогүй гэдгээ хэлээд амны хаалтаа бензинээр ариутгахыг иргэддээ зөвлөжээ. 

Тэрээр өнгөрсөн долоо хоногт адил зүйл хэлж байсан ч удирдлагууд түүний үгийг хурдхан залруулж, наргиа байсан хэмээн ойлгуулж амжсан байна. 

Эрүүл мэндийн удирдлагуудын хэлж буйгаар даавуун амны хаалтыг угаагаад байж болох бол эмнэлгийн нэг удаагийн амны хаалтыг хэрэглэсэн л бол хаях ёстой гэжээ.

Гэвч өнгөрсөн Баасан гарагт Ерөнхийлөгч Родриго Дутерте "Миний хэлсэн үг үнэн шүү. Бензин түгээх төв рүү явцгаа" гэж хэлсэн байна. 

Rappler

Амны хаалтыг бензинээр ариутгаж болох талаар ямар ч баримт байхгүй, харин уг төрлийн бодис хүний арьстай удаан хугацаанд хүрэлцвэл аюултай бөгөөд шатамхай бодис асгах нь өөрөө ч галын аюултай юм.

Өнгөрөгч долоо хоногт тэрээр ариутгалын бодис худалдан авч чадахгүй хүмүүс бензин хэрэглэж болно гэж хэлжээ. Тодруулбал_ "Амны хаалтыг бүтэн өдөржин хэрэглэчихээд оройдоо Лисолоор ариутгаж болно. Гэхдээ та нар авч хүчрэх бол шүү дээ. Харин Лисол авч чадахгүй бол амны хаалтаа бензин эсвэл дизел түлшинд дэвтээчихэж болно. Ойрхон бензин түгээгүүр ороод л амны хаалтаа гартаа барьж байгаад дүрчих" гэсэн байна. 

Ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийн дараа түүний хэвлэлийн төлөөлөгч Харри Рокюи залруулга хийж, "Түүнийг 4 жил төр барьсан байхад та бүхэн одоо ч түүнийг таниагүй байгаад би итгэж чадахгүй нь. Тэр зүгээр л наргиж байсан шүү дээ. Яагаад бензинийг амны хаалт ариутгахад хэрэглэнэ гэж?" гэжээ. 

Гэсэн хэдий ч энэ удаагийн мэдэгдлээрээ Родриго Дутерте "Тэд Дутерте галзуурсан гэсэн. Шал тэнэг юм. Хэрэв би галзуурсан байсан бол тэд ерөнхийлөгч болох байсан юм. Миний хэлсэн бол үнэн. Спирт олдохгүй бол, ялангуяа ядуу хүмүүст. Шууд бензин түгээх төв рүү яваад, бензинээр амны хаалтаа ариутга. Би тоглоогүй байна. Би огт тоглоогүй. Та нар л миний тархин дотор орж үзэхийг хүсч байгаа" гэжээ. 


Эх сурвалж: BBC