Өнгөрсөн есдүгээр сард АНУ-д танилцуулагдсан Facebook Dating буюу хэрэглэгчид хоорондоо болзох боломжийг олгодог нэмэлт үйлчилгээг Европт нэвтрүүлэх ажил хойшлогдлоо гэж тус компанийн Дублин хот дах төв байрнаас мэдэгджээ.

Ирландын Дата мэдээлэл хамгаалах хорооны албаны хүний мэдэгдэж байгаагаар Facebook компани хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын талаар хангалттай мэдээлэл гаргаж өгөөгүй, нэвтрүүлэхээсээ дөнгөж 10 хоногийн өмнө мэдэгдсэн гэсэн байна.

Facebook компани хэрэглэгчдийнхээ асар их мэдээллийг агуулж байдаг ба шинэ үйлчилгээ нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулан гарах юм байна. Гар утасны болзох аппликэйшнаараа зах зээлд ноёлдог хэдэн арван сая хэрэглэгчидтэй Tinder компани ч Facebook-н хэрэглэгчид өөрсдийн нэр хаяг, нууц үгээрээ нэвтрэх боломжийг олгодог байна.

Валентиний өдрөөс 1 хоногийн өмнө Европын зах зээлд гарах байсан Facebook Dating үйлчилгээнд гэрэл зураг, дүрс бичлэг, интернэт хаяг бие биедээ явуулах боломжгүй бөгөөд хэрэглэгчийг одоо байгаа найзууд дундаас нь болзуулдаг юм байна.