ЖЕНЕВ. /TASS/.  Зургадугаар сарын сүүлээр Европын зарим бүс нутгийг нөмөрсөн халуун цаг агаар нь “хүний эрүүл мэнд, хөдөө аж ахуй болон байгаль орчинд ноцтой аюул” учруулж байна. Аагим халуун хөгшин Европт хэдийнээ хэд хэдэн дээд үзүүлэлтийг эвдлээ гэж Дэлхийн цаг уурын байгууллага мэдээлжээ. Тус байгууллага сүүлийн өдрүүдэд ажиглагдсан цаг уурын хэвийн бус үзэгдэлд дүн шинжилгээ хийсэн байна.

“Хэт халууныг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлах нь одоогоор эрт байна. Үүний зэрэгцээгээр хүлэмжийн хийн агууламж дэлхийн агаарын температурыг нэмэгдэхэд хүргэж байгааг харгалзан үзвэл өнөөгийн нөхцөл байдал нь "илүү олон давтамжтай, удаан, эрчимтэй үргэлждэг уур амьсгалын нөхцөлтэй тохирч байна” гэж Женев хотноо долдугаар сарын 1-нд нийтлэгдсэн Дэлхийн цаг уурын байгууллагын хэвлэлийн мэдээлэлд дурджээ.

Европын орнуудад бүртгэгдсэн шинэ дээд үзүүлэлтийг дурдвал, зургадугаар сарын 28-нд Францын Галларг-ле-Монтюё хотод /Гар муж/ Цельсийн 45.9 градус хүрч халжээ. Энэ нь Францын нутаг дэвсгэрт урьд өмнө бүртгэгдэж байсан температуруудаас хамгийн дээд үзүүлэлт юм. Тус улсад урьд нь 2003 онд 44.1 градус хүpч халж байжээ.

Германы цаг уурын албаны мэдээнээс үзвэл, тус улсад 39.6 градус хүрч халсан бөгөөд цаг уурын 243 станц хамгийн халуун температурыг бүртгэжээ. Түүнчлэн 223 станцад 35 болон түүнээс дээш градус бүртгэгдсэн байна.

Австричууд цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун зургадугаар сарыг өнгөрүүлсэн бөгөөд агаарын температур олон жилийн дунджаас 4.5 градусаар халуун байжээ. Швейцарын 85 станцын 43-гийнх нь мэдээнээс үзвэл, зургадугаар сард температурын хамгийн дээд үзүүлэлт бүртгэгдсэн байна. Далайн түвшнээс 1594 метрийн өндөрт оршдог рашаан сувиллын Давос хотод термометрийн заалт 29.8 градусыг заажээ. Чех улсад зургадугаар сарын 26-нд 38.9 градус хүрч халсан бол Польшид мөн урьд өмнө байгаагүй аагим халуун болжээ.

Энэ долоо хоногт Европын төвийн бүс нутгуудад агаарын температур олон жилийн дунджаас 3-6 градусаар, үлдсэн бүс нутгуудад 1-3 градусаар халуун байх төлөвтэй байна гэж цаг уурчид мэдээлж байна. Хэт халсны улмаас Европын зүүн хэсэгт ган гачиг болж магадгүй байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг