Европын Сансрын агентлаг/ЕСА/ саранд олборлолт хийхээр төлөвлөж байгаа тухай Их Британийн “Daily Mail” сонин мэдээлэв.

ЕСА-ийн мэргэжилтнүүд пуужин үйлдвэрлэгч “Ariane” компанитай хамтран саран дээр олборлолт хийх тухай төлөвлөгөө боловсруулах гэрээ байгуулсан байна. Цаашид хүдрээс ус болон хүчилтөрөгчийг гарган авч, хайгуулын ажилдаа шаардлагатай шатахуун, бусад материалын нөөцийг бий болгохоор төлөвлөж байгаа гэж сонины мэдээнд тэмдэглэсэн байна.

“ЕСА болон бусад олон агентлаг сар руу хүмүүсийг илгээхээр бэлтгэж байгаа энэ үед сансар огторгуйд байдаг материалуудыг хэрэглэх технологийг хөгжүүлэх нь Ангараг болон нарны систем дэх бусад гараг руу хийх хүн төрөлхтөний аялалд ихээхэн ахиц дэвшил авчрах юм” гэж “Daily Mail” сонин ЕСА-ийн мэдээлснийг иш татан уламжилжээ.

“Ariane 6” пуужингийн дөрөв дахин сайжруулсан хувилбар болох “Ariane 64” пуужин нь олборлолт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг сар руу тээвэрлэж, ЕСА-ийн энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг нээж өгөх юм” хэмээн “Ariane” компанийн мэргэжилтнүүд үзэж байна.

“Ariane” компани мөн уг төсөлд Германы шинээр байгуулагдсан “PTScientists” компани, Белгийн “Space Applications Services” компанитай хамтран ажиллаж байгаа юм. Дээрх хоёр компани хяналтын байгууламж, харилцаа холбоо, сүлжээний технологийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажиллах ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua