Их Британийг Европын Холбоо /ЕХ/-ноос гарах /Brexit/ тухай гэрээ болон Лондонтой цаашид тогтоох харилцааны талаарх улс төрийн санамж бичгийг тус холбооны 27 орны удирдагчид бүгд баталсан байна. 

Энэ тухай Европын Зөвлөлийн дарга Дональд Туск ням гарагт ЕХ-ны дээд хэмжээний уулзалт эхэлснээс хэдэн хоромын дараа мэдээлжээ.

ЕХ-ны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан баримт бичигт дурдсанаар, “гэрээг 2019 оны гуравдугаар сарын 30-наас эхлэн хэрэгжүүлэхэд болон ЕХ-ны бүрэлдэхүүнээс Их Британийг гарах үйл явцыг эмх цэгцтэй явуулахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг Европын комисс, Европын парламент болон ЕХ-ны Зөвлөлд санал болгож байна.”

Үүнээс гадна, ЕХ-ны 27 орны удирдагчид Их Британитай ирээдүйд ямар харилцаа тогтоох тухай улс төрийн тунхаг бичгийг батлав. “Brexit-ийн дараа ЕХ Их Британитай илүү нягт хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг Европын Зөвлөл дахин мэдэгдэж байна” гэж баримт бичигт дурджээ.

Бараг хоёр жилийн турш хэлэлцсэн 585 хуудас бүхий Brexit-ийн асуудлаарх гэрээний төслийг баталснаа Брюссель болон Лондон  11 дүгээр сарын 15-нд мэдэгдсэн юм.

Гэхдээ хэлэлцээний гол асуудал болох ЕХ-нд үлдэж байгаа Ирланд улс болон тус холбооноос гарч Их Британийн бүрэлдэхүүнд үлдэж буй Умард Ирланд хоорондын хилийн асуудал баримт бичигт шийдэгдээгүй үлдсэн байна. Хэлэлцэгчид энэ асуудлыг хойшлуулж, 2020 оны долдугаар сарын 1-нээс өмнө шийдэхээ амлажээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/TASS/