Зул сарын баярын бэлгийн тухайд Италичуудыг бодвол Норвегийн оршин суугчид илүү өгөөмөр ханддаг байна. Тэд дунджаар 10 хүнд бэлэг өгдөг ажээ. Испани, Швед болон Германы оршин суугчид дунджаар зургаа, финланд, итали болон францчууд долоо, даничууд найман хүнд бэлэг бэлддэг болохыг Европын баярын заншлууд болон онцлогуудын талаарх YouGov компанийн судалгаа харуулжээ.

Европын өмнөд хэсэгт оршдог Испани, Итали зэрэг улсад хүмүүс зул сарын бэлгэнд хувцас, гоёл чимэглэл, Дани, Шведэд гоо сайхны бүтээгдэхүүн авах дуртай байна. Харин герман, франц, норвегичууд ном, тоглоом зэргийг авахыг хүсдэг аж. Герман, норвегичуудын 90 гаруй хувь нь, францчуудын 60 гаруй хувь нь бэлгээ Зул сарын баярын өмнө буюу 12 дугаар сарын 24-нд, харин италичуудын 53 хувь нь дараагийн өдөр нь задалдаг байна. Тэгвэл испаничуудын 24 хувь нь бүр нэгдүгээр сарын 6-нд тохиодог Гурван хааны өдөр хэмээх баяр хүртэл бэлгээ задалдаггүй гэнэ.

Германчуудын 34 хувь нь Зул сарын баярын ширээндээ хүрэн байцаа, 30 хувь нь дарс, 28 хувь нь галуу эсвэл нугасны мах тавьдаг байна. Францчуудын баярын үеэр идэх дуртай амттан нь бялуу аж. Итали, испаничуудын 70 гаруй хувь баярын ширээндээ амттан тавихыг илүүд үздэг бол Испанид мөн далайн бүтээгдэхүүнүүд /62 хувь/ болон бяслаг /59 хувь/ идэх дуртай байна. Италичуудын хувьд 58 хувь нь оргилуун дарс, 40 хувь нь төрөл бүрийн пастаг баярын зоогондоо оруулдаг аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Kommersant