Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооноос эдгээр хүүхдийн сурч боловсрох эрх хэрхэн зөрчигдөж байгаа болон тулгамдаж буй асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энэ жилээс ердийн ЕБС-д суралцах боломж бүрдэж байгаа ч хүүхэд суралцах боломж, нөхцөл, сургууль дээрх соёл хараахан бүрдээгүй байна гэлээ.  Иймээс Ерөнхий боловсролын бүх сургуульд тусгай хэрэгцээт боловсролын багш, туслах багш ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг, шийдэж өгөхийг хүслээ.

Ц.Уянга: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамруулна, орчин нөхцөлөөр нь хангана гэсэн гурван сайдын тушаал бий. Гэвч орчин нь огт бүрдээгүй, туслах багшгүй байна. Учир нь санхүүжилт нь шийдэгдээгүй учир ахиц дэвшилт гарахгүй байна.

С.Батмягмар: Хөгжлийн бэрхшээл гэдэг хэнд хэзээ ч ирж болох зүйл. Гэтэл бодит байдал дээр эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүүхдийнх нь ангид ороод ирэхээр таагүй ханддаг, хүүхдээсээ буруу ойлголт өгөх асуулт асуудаг, сурахад нь саад болох вий гэж дургүйцдэг тал байна. Энэ нь эргээд тэднийг үзэн ядах, сөрөг хандлагыг бий болгодог.

Хүүхэд ангид нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ороод ирэхээр хүнлэг, тусч зан байдал нь цэцэглэдэг. Тэд суралцах орчиндоо хүн байх сэтгэл зүйн боловсролд суралцаж байгаа нь тэр. Иймээс эцэг эхчүүд маань энэ асуудал дээр ухаалаг хандаасай. Тусч, өгөөмөр бай гэж хүүхдэдээ сургах биш үйлдлээрээ үзүүлцгээе гэж уриалмаар байна.