Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргалаа.


МЭДЭГДЭЛ

Шинэ коронавируст  халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой  комисс (УОК)-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоосон. Улмаар хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр татан авч буй.

Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яам нь нутаг буцах хүсэлтэй иргэдийн өргөдөл, холбогдох материалыг биечлэн болон цахим хэлбэрээр хүлээн авч шалтгаан нөхцөл, хүсэлт илэрхийлсэн он сар өдрөөр ангилан бүртгэж, УОК-ын Шуурхай штабт хүргүүлэн тодорхой шатлалтайгаар тусгай үүргийн нислэгт хамруулах ажлыг зохион байгуулан ажилласан.

Энэ хугацаанд тусгай үүргийн нислэгт хамрагдан нутаг буцсан иргэдийн мэдээллийг тоон илэрхийллээр танилцуулж байна.

 Үүнд:

  1. Бага насны хүүхэдтэй гэр бүл: 40 
  2. Эрүүл мэндийн шалтгаантай: 29
  3. Өндөр настан: 8
  4. Жирэмсэн: 5
  5. Оюутан, сурагч: 14
  6. Санхүүгийн боломжгүй: 4
  7. Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай: 14 буюу нийт 114  нутаг буцсан.

2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн нийт 40 иргэн байснаас 10 иргэн 7 дугаар сарын нислэгт хамрагдах хүсэлгүй хэмээн өөрсдөө мэдэгдсэн. Үлдсэн 30 иргэнийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тусгай үүргийн нислэгт хамруулахаар УОК-оос шийдвэрлэсэн. 

Ийм, өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлт гаргасан иргэн байхгүй бөгөөд олон нийтийн сүлжээгээр нийтлэгдэж буй шиг нутаг буцаж чадахгүй, тус улсад гацсан, санхүүгийн гачигдалд орсон, байрлах байргүй болсон хэмээн өргөдөл гаргасан нэг ч иргэн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Хэрэв ЭСЯ-нд бүртгүүлээгүй бөгөөд дээрх байдлаар эрх зүйн байдал нь дордсон иргэн байгаа бол бидэнд мэдэгдэж хамтран ажиллахад бэлэн байгаа болно.