БЭЭЖИН. /ZOL/. Хятадын “Sinogene” компани эсээс хиймэл аргаар хувилан гарган авсан мууруудыг олноор нь худалдаалж эхлэх шийдвэр гаргажээ.


Эх организмын генетик хуулбар амжилттай болсны дараа “Sinogene” компани ийм шийдвэр гаргасан байна. Эсээс хиймэл аргаар хувилан гарган авах аргыг тус компани цаашид морь болон тагтаанд туршиж үзэхээр төлөвлөж байна. 


Сармис хочтой муурын зулзага долдугаар сарын дундуур төрсөн бөгөөд судлаачид энэ талаар түүнийг төрснөөс хойш сарын дараа буюу амьдрах чадвартай нь батлагдсаны дараа мэдэгдсэн байна.  


Албан ёсны статистик мэдээлэлд дурдсанаар, Хятад улсад гэрийн тэжээвэр амьтантай 73 сая гаруй хүн байдаг бөгөөд нийт 91 сая муур болон нохойг тэжээдэг байна. Хятадын томоохон хотуудад хүүхэд төрүүлэхийн оронд гэрийн тэжээвэр амьтантай болохыг илүүд үздэг хүн олон байдаг аж. Үүнтэй холбоотойгоор амьтныг эсээс хиймэл аргаар хувилан гарган авч, үржүүлэх нь Хятад улсад тун ашигтай бизнест тооцогдож байна.   

Эх сурвалж: Монцамэ агентлаг