“Эмч Д.Эрдэнэсувд” фэйсбүүк хаягаар хүмүүст эрүүл мэндийн мэдээлэл түгээдэг Д.Эрдэнэсувд эмчийн зөв хооллоход цусны бүлэг ямар үүрэгтэй талаарх зөвлөгөөг нь хүргэж байна.   

Бидний өвчлөлийн 70-80 хувь нь хэрхэн хооллож байгаагаас шалтгаалдаг. Зөв хооллох олон арга зам байна. Цусны бүлэгтэйгээ уялдуулан хооллох нь эрүүл байх нэг арга зам. Монголчуудын 34 хувь нь нэгдүгээр бүлгийн цустай. 22 хувь нь хоёрдугаар бүлгийн цустай. 31,5 хувь нь гуравдугаар бүлгийн цустай. Долоон хувь нь дөрөвдүгээр бүлгийн цустай байдаг. Хөгжилтэй орнуудад хүүхдийг цусны бүлэгтэй нь уялдуулж хооллож байна. 1957 онд АНУ-ын эрдэмтэн Жеймс Адамс  энэ талаар судлаад  хүний эрүүл байх гол үндэс нь цусны бүлэгтэйгээ уялдуулж хооллох гэж үзсэн. 

Хүн ямар хоолыг шингээж чадах чадахгүй нь төрсөн цагаас нь тодорхой байдаг. Монгол эрдэмтэд бас 2001 онд энэ талаар судалсан байна. Б.Болдсайхан, Ү.Байгалмаа, Б.Болорчимэг нар монгол хүний цус, хооллолт, биеийн галбир төрхтэйгээ хэрхэн ямар уялдаа холбоотой байгааг судалсан. Хүн цусны бүлэгтэйгээ уялдуулж хооллох нь эрүүл байх үндэс гэж тодорхойлсон юм. Цусны улаан эсийн гадарга дээр байгаа уургаас шалтгаалж ходоодны хүчиллэг чанар янз бүр байдаг. 

1-р бүлгийн цустай хүмүүс  махан голдуу (хонь, үхрийн мах, элэг, таван цул)хоолыг шингээх чадвартай, ходоодны хүчиллэг ихтэй хүмүүс байна.

2-р бүлгийн цустай хүмүүс ходоодны хүчиллэг багатай, ногоон хүнс илүү тохиромжтой байдаг. 

З-р бүлгийн цустай хүмүүс махан болон цагаан идээ давамгайлсан хүнс зохимжтой. 

4-р бүлгийн цустай хүмүүс хүчиллэг багатай,  далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, ургамал, сүүн бүтээгдэхүүн зохимжтой байдаг. 

Гэтэл нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс хөнгөн чанарын хүнс, цагаан идээ, ногоон  хоол, гурилан бүтээгдэхүүн түлхүү хэрэглэвэл ходоодны хүчиллэг ихтэй учраас гол харлах гэж хүмүүс ярьдаг, гэдэс цанхайх, хурхирах гэх мэтчилэн хариу урвал илэрдэг. Ачаалал авах чадвар нь муу байна. Хөнгөн хоол идээд, биеийн хүчний ажил хийгээд байвал ядарч сульдаж тамирдана. Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс мах идвэл шингээхгүй, гэдэс цанхайна, хөдөлмөрийн чадвар муудна. 

Гуравдугаар бүлгийн цустай хүмүүс хоолны сонголт ихтэй. Харин зохистой хэмжээг баримтлах учиртай шүү. Монголын хүн амын 30 хувь нь гуравдугаар бүлгийн цустай байдаг. 

Дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүс маш ховор. Монголд хоол идэх түвэгтэй. Хамгийн зохистой хооллолт нь  далайн гаралтай бүтээгдэхүүн. Цагаан идээ, ногоон хоол идвэл илүү зохистой.