Эрүүдэн шүүх гэмт хэргийг хянаж шалгадаг цор ганц газар нь 2002 онд байгуулагдсан УПЕГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба байлаа. 

Энэхүү албыг татан буулгах хуулийн төслийг Ж.Батзандан, О.Баасанхүү, Ш.Түвдэндорж, Д.Хаянхярваа, Р.Бурмаа, Д.Оюунхорол, Л.Цог нарын 7 гишүүн санаачлан өргөн барьж УИХ 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 тоот тогтоолоороо баталсан түүхтэй.

Цагаан сарын үеэр яаруу сандруу батлагдсан, анхны хувилбараасаа шал өөрөөр батлагдсан гэх шүүмжийг хуульчид, хүний эрхийн байгууллагууд хэлж байсан ч тусыг олоогүй. Юутай ч энэ бол Монгол улс олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ ухарч, эрүүдэн шүүхээс ангид байх салшгүй эрхийг хангаж чадахгүй гэдгээ харуулсан хар үйл явдал байлаа. 

Үнэндээ Мөрдөн байцаах алба супер ажиллачихаагүй ч хүний эрхийн төлөөх алхмыг урагшлуулсан шийдлийн нэг байсан юм. Яахав прокурорын дэргэд байгаа нь хараат уу хараат биш үү гэсэн хардлага төрүүлсэн байж болох. Гэхдээ үүнийг засаж өөрчлөх боломж ч байсан. Гэвч 12 жилийн турш гадна дотногүй хүч хөрөнгө, сэтгэл гарган байгуулсан албаа нэг л өдөр татан буулгачихаж.

Ингээд л хүний эрхийн байгууллагуудад хэрэг илрүүлэхийн тулд гэр бүлийнхнийг нь заналхийлсэн, хилс хэрэг хүлээлгэхээр дарамталсан, хэл амаар доромжилсон, хууль бус хүч хэрэглэсэн гомдлууд хөвөрч эхэлжээ. Харин онц шаардлагагүй бол битгий хориоч гэсэн зөвлөмжийг ХЭҮК-оос байнга сануулж ирсний хүчинд бас Эрүүгийн байцаан шийтгэх хууль хэрэгжиж эхэлснээр гомдлын тоо багассан ч шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад залхаан цээрлүүлэх явдал оршин тогносоор иржээ.

Харин өнөөдөр бие даасан, хараат бус Мөрдөн байцаах албыг татан буулгах хуулийн төслийг санаачилсан гишүүдийн нэг О.Баасанхүү эрүүдэн шүүлт гаарсан хэмээн толгой сэгсэрч суунгаа шударга ёсыг нэхэх нь ядахдаа хуульч хүний хувьд үнэт зүйлтэй болов уу гэж гайхаж эргэлзмээр. Эрүүдэн шүүлтийн эх суурийг тавьсан хуулийг санаачлагдын нэг болохоо энэ өдөр тэр нэг лав удаа ч дурдаагүй.


ЭХ ЗАХАА АЛДСАН ХАРГИСЛАЛ

Эрүүдэн шүүх гэмт хэргийг шүүх хараат бус, хөндлөнгийн байгууллагагүйгээс сэтгэл өвдөм гомдол өргөдлүүд хүний эрхийн байгууллагуудад одоо ч ирсээр. Уурын зууханд аваачин хууль бусаар хорьж гавлан тарчлаасан л гэнэ, аманд нь чулуу үмхүүлээд 4 хөллүүлээд мөлхүүлсэн л гэнэ. Ерөөсөө  ой тойнд оромгүй, хүний ёсноос гадуурх харгислалууд мөрдөн байцаалтын шатанд үйлдэгдсээр байгааг хэдхэн баримт батална. Цагдаа, Мөрдөн байцаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хаагч, цэргийнхэн ер нь эрх мэдэл хаана, хэнд байна тэнд эрүү шүүлт үүсч болзошгүй байна.

Доорхи тохиолдлуудыг уншвал танд өнгөрсөн онд “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн илрүүлэлт 64,9 хувь гэсэн өөдрөг мэдээ лав сайхан сонсогдохгүй л болов уу. Хэдэн хүн ямар эрүү шүүлтийг амсаж цагдаагийн мөрдөсийг өнгөлөө бол гэх хар өөрийн эрхгүй төрнө.

Тохиолдол 1:

Миний бие ... гадаад улсын иргэн нас барсантай таарч холбогдох эрх бүхий этгээдэд мэдэгдсэн. Гэрчээр мэдүүлэг авсан цагдаа нар сумын болон аймгийн Цагдаагийн газарт тус тус 2 өдөр, 2 шөнө унтуулалгүй мэдүүлэг авсан. Байцаалтын үеэр цагдаагийн албан хаагч нар “Гадаадын иргэнийг чи алсан, өөр хэн алдаг юм, худал мэдүүлэг өгч байна” гэх зэргээр хэрэг тулгаж, хувцас тайлуулж нүцгэлээд цахилгаан бороохой, цэвэр усны саваар олон удаа цохиж, шөнө унтуулалгүй байцаасан.Тухайн үед миний ухаан санаа орж гарч, маш хүнд байдалтай ирсэн. Дараа нь намайг Улаанбаатар хот руу шилжүүлж, цагдан хорих 0461 дүгээр ангид 5 хоног хорьж байгаад хэргийн холбогдогч олдсон гээд сулласан. Удаа дараа дуудагдаж байцаалт өгснөөр эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд хохирч, эхнэр маань гэнэтийн цочролд орохдоо улаан хоолойн хорт хавдар нь хүндэрч нас барсанд гомдолтой байна... ("Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ээс

Тохиолдол 2:

... Би өөрийн хүсэлтээр “Буян холдинг” ХХК-д ажиллаж байгаад ялтан “З”-д өшиглүүлж биедээ гэмтэл авсан учир эмчид үзүүлж байсан. 2015 оны 1 дүгээр сарын 20-ны үед шалгалтаар ирсэн хяналтын прокурорт гомдол гаргасан юм. Тэгтэл хошууч “А” ахлагч “Б” нар намайг ээлжийн даргын өрөөнд дуудаж прокурорт гомдол гаргалаа гэж цахилгаан бороохойгоор цохиж зодсонд гомдолтой байна... (ХЭҮК-т ирүүлсэн ялтан Н- ийн гомдлоос) "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэл"-ээс,

Тохиолдол 3:

2014  оны  2  дугаар  сард  Архангай аймгийн  Шийдвэр гүйцэтгэх  албаны цагдан хорих байранд хоригдож буй иргэн Ц, Б, О нар нь Комисст гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгахад хэсгийн төлөөлөгч, дэслэгч М  нь хулгайн  хэрэгт холбогдсон Ц, Б нарыг хэрэг хүлээлгэх зорилгоор гарын хурууны өндөг рүү цахилгаан бороохойгоор цохиулж, шилэн хүзүү, толгой руу нь резинэн бороохойгоор цохьсон, хэргийн  холбогдогч О-г ажлынхаа өрөөнд гарын булчин, цээж, мөр,толгойн хэсэгт цахилгаан бороохойгоор цохиулж, паарнаас гавлан түр саатуулах өрөөнд 6 хоног хоолгүй хорьсон. О-ийн гэрээс ирүүлсэн хоолыг өрөөнийхөө  буланд  тавьчихаад  “...өлсөж  байна  уу? Чи  хоолоо идэх үү, үнэнээ хэлэх үү...” хэмээн тарчилган зовоож эрүү шүүлт тулгасан байж болзошгүй баримт цугларсан тул хуулийн дагуу мөрдөн шалгах байгууллагад шилжүүлэх болсон юм. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд орсон өөрчлөлтөөр Архангай аймгийн Цагдаагийн газар тус хэргийг шалгахаар болсон. Иймд Комисс харьяалал тогтоолгон шалгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурорт уг гомдлыг шилжүүлжээ.

Хэн ч зохиогоогүй бодит түүх, хохирогчдын зүрхийг зүссэн гашуун гомдол, санахыг ч хүсдэггүй дурсамжийн өчүүхэн хэсэг л энэ. 

Дашрамд дурдахад эрүүдэн шүүлт бол туйлын балмад үйлдэл боловч үүнийг зөвхөн бие махбодь төдийгүй сэтгэл санаанд нь хүчтэй зовлон шаналал үүсгэхийг ч хэлнэ. Аймшигтай зодуур, тамлал харгислалууд түүнийг дагах хүчтэй сэтгэл зүйн дарамтыг хэчнээн хүн туулсныг эсвэл одоо ч туулж шаналж явааг хэлэхэд бэрх. ХЭҮК-т ирсэн гомдлын тал хувь нь гэхэд зөвхөн эрүүдэн шүүх гэмт хэрэгтэй холбоотой байдаг.


ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫГ СЭРТХИЙЛГЭДЭГ Ч МОНГОЛЧУУДАД ХАМААГҮЙ ХҮНИЙ ЭРХ

Энэ мэтээр эрүүдэн шүүж хүний эрхийг зөрчдөг асуудал тогооноос халиад олон улсын байгууллагуудыг сэрдхийлгэхэд хүргэж. 

НҮБ-ын тусгай илтгэгч 2006 онд Монголд ирэхдээ 

“Танай улсад эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал бодитой оршин тогтнож байна” 

гэдгийг ХҮЭК-ынхонд албан ёсоор хэлжээ. Түүнийг Монголд байхад нэгэн иргэнийг бүтэн 24 цагийн турш цагдан хорих байранд байлган эрүүдэн зодож  алсан хэрэг гарсан юм. Энэ талаараа тэрбээр НҮБ-ын хүний эрхийн зөвлөл дээр тайлан тавьсан. Үүний дагуу Монгол Улсад зөвлөмж өгсөн ч өнөө л чихэн дүлий, нүдэн балай мэт өнгөрчээ.

Өнөөдөр бол шударга ёс, энхрий хайрт ард түмэн минь гэж ярих поп гишүүд камерын урд залрах “гоё сэдэв” болсон эрүүдэн шүүлтийг ХЭҮК-оос баримт нотолгоотой нь гаргаж, жил бүрийн тайлан илтгэлдээ оруулсаар ирсэн. Улсын ерөнхий прокурор, ТЕГ, УИХ-д хаяглан хүрч байсан эдгээр мэдээлэлд хариу арга хэмжээ авсан удаагүй. Илгээсэн бичгийнх нь цаана Монгол улсын иргэдийн эрх, хувь заяа яваа, ардчилсан, хүнлэг энэрэнгүй нийгмийн үнэт зүйл яваа гэдгийг үл хайхарсан нь үнэн билээ. 

Тэр байтугай УИХ-ын гишүүд Эрүүдэн шүүлтийг шалгахаас өөр ажил хийдэггүй юм уу шүүмжилцгээсэн. "Өнөөдөр нөхцөл байдал ямар болсныг хараа биз. Одоо суманд, аймагт хэрэг бүртгэх үйл ажиллагаанд эрүүдэн шүүх ажиллагаа олон явагдаж байгаа шүү" хэмээн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өчигдөр яриандаа дурьдаад авна лээ.

Хуулийн салбарт олон шинэчлэлийг зоригтой хийсэн хэмээн яригддаг Х.Тэмүжин хүртэл салбарын сайдаар ажиллаж байхдаа энэ ялзарсан тогтолцоог үл хайхарч явжээ. 

ХЭҮК-оос хөдөө орон нутагт шалгалтаар очиж мэдүүлэг авах үед хөлийг дөнгөлөх, гарыг гавлах зориулалттай сандал байсныг илрүүлсэн юм. Тухайн үед Х.Тэмүүжин сайдад эрүүдэн шүүх сандлыг зургийг илгээж, хэрэглэхгүй байх, хэрэглэвэл Олон улсын конвенц зөрчих болно гэсэн албан бичиг илгээснээр Монголын шүүх, цагдаагийн байгууллага "сандлын аймшигт тамлал"-аас сэргийлж чадсан. Тухайн үед тэрхүү хөл гаргүй дөнгөлөн гавлах сандал орон нутагт хэдийн очсон байсан гэдэг.

2012 онд Мөрдөн байцаах албанд иргэдээс ирүүлж буй эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 60  гаруй  хувь  нь  эрүүгийн  төлөөлөгч, хэсгийн төлөөлөгч, хорих ангийн төлөөлөгч, тагнуулын ажилтан зэрэг гүйцэтгэх ажилтантай холбоотой гэх мэдээлэл гарч байсан юм. Харин хуулийн байгууллага шалгаж шүүхдээ гэмт хэргийн  бүрэлдэхүүнгүй  гэх  үндэслэлээр  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж  байгаа  нь  ял  завших үндсэн  шалтгаан болсоор иржээ.

Сэтгэл хөдлөлөөр өнгөрсөн жил хэсэгтээ л яригдсан цаазын ялыг сэргээчихээгүй нь ямар зол вэ гэдгийг өнөөдрийн үйл явдлууд батална. 80 жилийн өмнөх Монголын ард түмний түүхэнд хар толбо болж үлдсэн их хэлмэгдүүлэлт одоо ч сүүдрээ хумиагүй. Гэлээ ч шинэ цаг даль жигүүрээ дэлгэн гэгээлэг, өөдрөг, шударга ёс руу тэмүүлж байна.Тэгэхээр өөрчлөх сайжруулах зүйл гарах ч өмнөх амжилтаа нурааж таарахгүй. Ядахдаа олон улсын гэрээ конвенцэд нэгдсэн бол дагаж биелүүлнэ гэсэн Үндсэн хуулиа зөрчиж буй үйлдлийг зогсоох ухамсар эрх мэдэлтнүүдэд үлдсэн гэж найдая.